Үйл явдал2 мин унших
Таны бэлэглэсэн цус 3 хүний амийг аварна гэж хэлдэг бол цагаа тулбал 3 байтугай 30 хүний цус ч багадах тохиолдол байдаг

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2026.05.05/-ийн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан УИХ-ын тогтоол болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэлэлцлээ.
Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Миний хувьд Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийг Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, Н.Батсүмбэрэл нарын хамт өргөн мэдүүлсэн юм.
Хүний цусны бүлгийг нээсний төлөө Австрийн эмч, дархлаа судлаач Карл Ландштейнер 1930 онд Нобелийн шагнал хүртсэн. Монгол Улсад анх 1939 оноос цус сэлбэлтийн үйлчлгээг үзүүлж хэлсэн бөгөөд 1963 оноос Сайд нарын зөвлөлийн хурлаар албажуулж, 2007 онд УИХ-аас Монгол Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого батлаж байсан түүхтэй.
Хуулийн төсөл маань батлагдвал цус сэлбэлт, судлалын салбарын эрх зүйн орчин улам боловсронгуй болж, иргэд дэлхийн жишигт нийцсэн тусламж үйлчилгээг авах, цусны донорын сургалт сурталчилгаа, урамшууллыг нэмэгдүүлж, донорын тоо нэмэгдэнэ гэж найдаж байгаа.
Хэрвээ Та өөрт ямар нэгэн зовиургүй бол, энэ хүнлэг үйлсэд нэгдэж, бусдын төлөө цусаа зориулан, итгэлийг түгээхийг уриалж байна.
Хүний биед агуулагдах илүүдэл төмрийн түвшинг бууруулж, хорт хавдар, зүрхний шигдээс, элэг гэмтэх зэрэг эрсдэлээс сэргийлдэг гэдэг. Би өөрөө ч боломжоороо цусаа өгөхийг хичээдэг. Тэнгэрт дэвшсэн аавын маань эмчилгээний үед ямар их цус, цусан бүтээгдэхүүн хэрэгтэй байсныг нүдээрээ харсан учраас бүр ч илүү өндөр ач холбогдлыг мэдэрсэн, ухаарсан. Таны бэлэглэсэн цус 3 хүний амийг аварна гэж хэлдэг бол цагаа тулбал 3 байтугай 30 хүний цус ч багадах тохиолдол байдаг.
Сэтгүүлч Ц.Соёлмаа



