Үйл явдал1 мин унших
С.Бямбацогт: Тарьсан модоо эргэх дуртай

Амралтын өдрийн мэнд ээ. Өнөөдөр чинь Мод тарих үндэсний өдөр тохиож байгаа юм байна. Өчигдөр орой хотод сайхан бороо орж газар чийглэсэн болохоор ёстой л жинхэнэ мод тарьж баймаар өдөр аж.
Би ер нь мод тарих дуртай. Богд уулын ар, Ховдын парк, Түргэний ам, Цэцэрлэгт хүрээлэн, Архивын газрын хашаа, Ард Аюушийн цэцэрлэг гээд олон ч газар цөөнгүй мод тарьжээ.
Мод тарих ч яахав дараа нь түүнийгээ арчилж ургуулна гэдэг том ажил. Би ч тарьсан модоо эргэж тойрохгүй бол сэтгэл амардаггүй хачин зантай хүн. Очоод үзэхээр өнөө хэдэн мод гайгүй ургаж байвал сая санаа амарна.
11 жилийн тэртээ Богд уулын ард Зайсангаас Их Тэнгэр явсан замын урд тарилцсан бяцхан модод одоо бараг ой төгөл болсон байхыг харахаар сэтгэлд нэг л сайхан. Та ч бас арван жилийн дараа сүүдэрт нь суух модоо алгуурлаж хойш тавилгүй өнөөдөр тариарай. Тарьсан моддоо өндөөр ургахыг харах мэдрэмж бас л сайхан шүү.






