Үйл явдал2 мин унших

Монголын дүрслэх урлагийг дэлхийн тайзанд тогтмол таниулна

Монголын дүрслэх урлагийг дэлхийн тайзанд тогтмол таниулна

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Итали Улсын Венец хотноо Венецийн Биенналийн Ерөнхийлөгч Пиетранжело Буттафуко-той уулзаж, хоёр улсын соёл, дүрслэх урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Б.Жаргалан, Ц.Даваасүрэн болон яамны төлөөлөгчид оролцов.

Уулзалтын үеэр сайд Ж.Алдаржавхлан “Монгол Улс соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд үндэсний уран бүтээлчдээ олон улсын тавцанд тогтмол гаргаж, дэлхийн соёлын урсгалд Монголын оролцоог бэхжүүлэхэд онцгой анхаарч байна. Венецийн Биенналь бол дүрслэх урлагийн салбарын хамгийн нэр хүндтэй индэр бөгөөд Монголын уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийд таниулах чухал боломж” хэмээн онцоллоо.

Талууд цаашид хамтарсан үзэсгэлэн, соёлын арга хэмжээ тогтмол зохион байгуулах, урлаг судлалын чиглэлээр хамтран ажиллах, залуу судлаач, уран бүтээлчдийг дэмжих асуудлаар санал нэгдэв.

Монголын дүрслэх урлагийг дэлхийн тайзанд тогтмол таниулна

Мөн Венецийн Биенналийн куратор Луижиа Лонардэлли энэ оны зургаадугаар сард Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей-д Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгээс сэдэвлэсэн “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэнг дэлгэхээр бэлтгэл хангаж буйгаа танилцууллаа. Уг үзэсгэлэнд Монголын уран бүтээлч Б.Баатарзориг, С.Долгор нарын бүтээлүүд дэлгэгдэх юм.

Монголын дүрслэх урлагийг дэлхийн тайзанд тогтмол таниулна

Венецийн Биенналь нь 1895 оноос зохион байгуулагдаж буй, дэлхийн дүрслэх урлагийн хамгийн нэр хүндтэй олон улсын наадамд тооцогддог бөгөөд “урлагийн Олимп” хэмээн нэрлэгддэг. Монгол Улс тус Биеннальд 2015 оноос эхлэн тогтмол оролцож, “Отрын гэр”, “Хөх тэнгэрийн доор төөрөгсөд”, “Агшин зуур”, “Гүнээс гүнд”, “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” зэрэг төслүүдийг амжилттай танилцуулсан юм.

Энэ жилийн 61 дэх удаагийн Венецийн олон улсын дүрслэх урлагийн Биеннальд Монгол Улс дөрвөн уран бүтээлч, хоёр кураторын бүрэлдэхүүнтэй оролцож байна. Монголын үндэсний павильон “Сүлжилдээн: Хил дамнасан холбоос” нэрийн дор 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл дэлгэгдэх бөгөөд Монгол, Италийн түүхэн холбоог академик түвшинд онцлон харуулж байгаагаараа онцлогтой.

Мөн энэ үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улсын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх-ийн зарлигаар Венецийн Биенналийн Ерөнхийлөгч Пиетранжело Буттафукод “Найрамдал” медаль гардууллаа.

Монголын дүрслэх урлагийг дэлхийн тайзанд тогтмол таниулна

Уулзалтын төгсгөлд сайд Ж.Алдаржавхлан Венецийн Биенналийн Ерөнхийлөгчийг Монголын Үндэсний павильонд зочлохыг урьж, талууд соёл, урлагийн салбар дахь хамтын ажиллагаагаа тогтмол үргэлжлүүлэхээ илэрхийллээ.

Урлагийн хөгжилХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2020
  3. 2019
  4. 2018