Үйл явдал2 мин унших
Олон улсын "Сувилагчийн өдөр"-ийн мэндийг нийт сувилагч нартаа дэвшүүлье!

Өнөөдөр Олон улсын “Сувилагчийн өдөр” тохиож байна. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Монгол Улсын гавьяат сувилагч Дүгэржавын Шаалайхүү гуайтай хамт “Сувилагч тандаа баярлалаа” аргаж хэмжээнд оролцлоо.
Тэрбээр "Д.Шаалайхүү гуай 1950 оноос Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт ажиллаж эхэлсэн бөгөөд сувилахуйн салбарт бүх амьдралаа зориулсан эрхэм хүн юм.
96 насандаа ч салбарынхаа үнэт түүх, хүнлэг сэтгэлийн үлгэр болсоор яваа нь бахархал төрүүлж байлаа.
Энэ үеэр Монголын Сувилагчдын Нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан цол хүртсэн баярт үйл явдал тохиож, сувилахуйн салбарын олон жилийн хөдөлмөр, зүтгэлийг төр үнэлсэн онцгой өдөр байлаа. Эрхэм гавьяатдаа халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!

Мөн анх 2022 онд “Сувилагчид ээлтэй Монгол” арга хэмжээг 21 аймгаар тойрон эхлүүлж байсан бол өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг, салбарын томоохон арга хэмжээ болон өргөжөөд 4 жил болжээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайдаар ажиллах хугацаандаа яамны бүтцэд сувилахуйн асуудал хариуцсан нэгжийг анхлан байгуулж, сувилагчдын хөгжлийн бодлогыг бие даан хэрэгжүүлэх үндсийг тавьсан юм.
Мөн сувилагчдын хөгжил, нийгмийн баталгааг дэмжих зорилгоор “Сувилагчийн ордон” байгуулах ажлыг санаачлан эхлүүлсэн бөгөөд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж, энэ оны 9-р сард ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна.
Өдөр шөнөгүй хүний эрүүл мэнд, амь насны төлөө зүтгэдэг үе үеийн нийт сувилагч нартаа Олон улсын сувилагчийн өдрийн баярын мэнд хүргэе!
Сувилагч бол зөвхөн мэргэжил биш.
Сувилагч бол энэрэл, тэвчээр, хариуцлага, хүний төлөө гэсэн сэтгэл юм.
Та бүхний үнэт хөдөлмөр, халуун сэтгэлд гүн талархал илэрхийлье!" гэлээ.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
