Үйл явдал3 мин унших

Донорыг үйлсийг алдаршуулж, амьдрал бэлэглэгчдад хүндэтгэл үзүүллээ

Донорыг үйлсийг алдаршуулж, амьдрал бэлэглэгчдад хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр /2026.06.14/ “Цусны донорын дэлхийн өдөр” тохиож байна. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн дараах мэндчилгээг дэвшүүлснийг уламжилж байна.

"Хэн нэгний амьдралыг аварч, гэр бүлд нь итгэл найдвар, аз жаргал бэлэглэдэг таны хүмүүнлэг үйлс нийгмийн хамгийн үнэт баялаг билээ. Энэхүү эрхэм өдрөөр цусаа сайн дураар бэлэглэж, амьдрал түгээдэг бүх донорууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Өнөөдөр “Хүмүүнлэг сэтгэлээр цусаа өгч, амьдрал бэлэглэе” уриан дор зохион байгуулагдсан “Цусны донорын дэлхийн өдөр”-ийн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, донорын үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрхэм доноруудаа алдаршуулан хүндэтгэл үзүүллээ.

Донорыг үйлсийг алдаршуулж, амьдрал бэлэглэгчдад хүндэтгэл үзүүллээ

Мэс заслын эмчийн хувьд би цусны үнэ цэнийг өдөр бүр мэдэрч ирсэн. Хүнд гэмтэлтэй өвчтөн, хавдрын томоохон мэс засалд орж буй хүн, эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэн, төрөх үедээ их хэмжээний цус алдсан эхийн амь насыг аврахад донорын бэлэглэсэн цус хамгийн үнэтэй бэлэг, хамгийн үнэ цэнтэй эмчилгээ болдгийг олон удаа харсан.

Цусыг үйлдвэрлэж болдоггүй. Цусыг зөвхөн хүн хүндээ л өгч чадна. Тиймээс цусны донор гэдэг хэн нэгний амьдрах боломжийг бэлэглэсэн хүмүүнлэг иргэн юм.

Миний бие Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар ажиллах хугацаандаа цусны донорын хөдөлгөөнийг төрөөс илүү хүчтэй дэмжиж, тогтвортой хөгжүүлэх ёстой гэсэн итгэл үнэмшилтэй явж ирсэн. Энэхүү үзэл санааны үндсэн дээр Цусны донорын тухай хуулийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулах үйл хэрэгт оролцсондоо баяртай байдаг.

Донорыг үйлсийг алдаршуулж, амьдрал бэлэглэгчдад хүндэтгэл үзүүллээ

Тус хууль нь донорын нэр төрийг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, сайн дурын авлагагүй донорын хөдөлгөөнийг өргөжүүлэх, цусны аюулгүй байдал, хангамжийг бэхжүүлэх эрх зүйн шинэ орчныг бүрдүүлсэн түүхэн ач холбогдолтой алхам болсон.

Өнөөдрийн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн  Аюушийн Ариунзаяа ийн хамт Цусны донорын тухай хуулийн эхийг Цус сэлбэлт судлалын үндэсний төв болон Монголын донорын холбоонд гардуулан өгсөн нь донорын үйлсийг түгээн дэлгэрүүлэх, алдаршуулах үйлсэд төрөөс үзүүлж буй хүндэтгэлийн илэрхийлэл юм.

Өдөр бүр донорын цус цуглуулах, боловсруулах, аюулгүй байдлыг хангах хариуцлагатай үйлсэд хүчин зүтгэж буй Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн хамт олон болон салбарын нийт ажилтан, албан хаагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Мөн арга хэмжээний үеэр Топ донор, Алтан донор, Мөнгөн донор, Хүрэл донор, Хүндэт донор, Гэр бүлийн донор, Хамгийн залуу доноруудыг алдаршуулан шагнал гардуулав.

Донорыг үйлсийг алдаршуулж, амьдрал бэлэглэгчдад хүндэтгэл үзүүллээ

Ялангуяа 2021 онд донорын эгнээнд нэгдэж, тогтмол цус, сийвэнгээ өгч бусдад амьдрал бэлэглэсээр буй хавдар судлаач эмч Б.Хүслэн “Хамгийн залуу донор”-оор шалгарсан нь бахархал төрүүллээ.  Мөн гэр бүлийн донор С.Соддэлгэр, С.Баярмаа нар хамтдаа 750 хүнд амьдрал бэлэглэсэн гайхамшигт үйлсээрээ хүнлэг сэтгэлийн тод жишээ болж байна.

2026 онд 35 ба түүнээс дээш удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэж “Хүндэт донор”-ын болзол хангасан 198 эрхэм донор байна. Та бүхэндээ гүн хүндэтгэл илэрхийлж, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.

Донорыг үйлсийг алдаршуулж, амьдрал бэлэглэгчдад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсад өнөөдөр 210 мянга гаруй бүртгэлтэй цусны донор байдгаас 46 мянга орчим нь байнгын, идэвхтэй донор байна.

Эрүүл саруул иргэн бүрийг донорын эгнээнд нэгдэж, цусаа өгч бусдад амьдрал бэлэглэхийг уриалж байна" гэв.

Түүх, уламжлалХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009