#Коммент2 мин унших
Цус сэлбэлт судлалын салбарын эрх зүйн орчин боловсронгуй болно

Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар Цусны донорын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэнэ.
Монгол улсад анх 1939 оноос цус сэлбэлтийн тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн боловч 1963 оноос Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр бие даасан нэгж анх байгуулагдаж, цусны донорын хөдөлгөөнийг идэвхжүүлэх, донорыг алдаршуулах, урамшуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байсан түүхтэй аж.
Манай улсад 2021 оны байдлаар 19 мянга гаруй цусны донор байна. Сүүлийн жилүүдэд байнгын доноруудын тоо буурч байгаа тул тус хуулиар тэднийг алдаршуулах, төр засгийн шагнал олгох, нийгмийн халамжийг сайжруулахад анхаарах ажээ.
Түүнчлэн цус сэлбэлт судлалын салбарт ажилладаг эрүүл мэндийн ажилтнуудыг урамшуулах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг нийгмийн асуудлууд тулгамддаг. Иймд дээрх асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, цаашлаад гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж бүрэн шийдэгдэх нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байгаа юм.
Хуулийн төсөл батлагдсанаар хуулийн хэрэгжилт, үр нөлөө сайжирч, дараах эерэг үр дүн гарна гэж тооцоолж байна.
- Цус сэлбэлт судлалын салбарын эрх зүйн орчин улам боловсронгуй болж үүний хэрээр цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж улам сайжирч, цус сэлбэлт судлалын салбар хөгжин дэвших шинэ боломжууд нээгдэнэ.
- Иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүртэх боломж нэмэгдэнэ.
- Цус сэлбэлт судлалын үйл ажиллагааг зохицуулах удирдлагын тогтолцоо, үйл ажиллагаа шинэ шатанд гарна.
- Цусны донорын сургалт, сурталчилгаа, түүний дотор орон нутаг дахь үйл ажиллагаанд ахиц дэвшил гарснаар эрүүл аж төрөх ёсны талаарх ойлголт сурагч, оюутнаар дамжин өргөжнө.
- Цусны донор, сэлбүүлэгч, эмнэлгийн мэргэжилтэнд тавигдах шаардлага, тэдний эрх, үүрэг тодорхой болохын дээр тэдний нийгмийн халамж, алдаршуулалт, урамшуулал сайжирч, цусны донорын тоо нэмэгдэнэ.
- Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж бүрэн шийдэгдэх нөхцөл бүрдэнэ.

Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан ахалж ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсгийн гишүүдэд Б.Баярбаатар, Л.Энхнасан, Д.Ганмаа, Д.Рэгдэл нарын нэр бүхий гишүүд ажиллаж байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


