Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.13/ Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очироор ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл, Ж.Батжаргал, Б.Бейсен С.Бямбацогт, Ч.Лодойсамбуу, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, Р.Сэддорж, Г.Тэмүүлэн нарын 12 гишүүнээс уг хуулийн төслүүдийг боловсруулан өргөн мэдүүлж буйг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ энэ үеэр онцолж байлаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Ес дэх удаагийн парламент бүрэн эрхийнхээ хоёр жилийн хугацаанд хийсэн ажил, баталсан хууль тогтоомж, хуралдсан байдалдаа дүгнэлт хийн, Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтыг оновчтой болгох, бүтээмжийг дээшлүүлэх, Улсын Их Хурлын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах, эргэх холбоотой, ил тод, хүртээмжтэй парламент байхыг зорьж, Улсын Их Хурлын гишүүнийг Үндсэн хуулиар олгосон хууль тогтоох, хуулийн биелэлтэд хяналт тавих бүрэн эрхээ үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн “хариуцлага-итгэлийн” хамтын тогтолцоо бүрдүүлэх зорилгоор энэхүү төслийг боловсруулсан гэж байлаа. Хуулийн төсөлд:
-Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтыг оновчлох;
-гишүүний ирц, саналаа биечлэн өгөх хөшүүрэг бий болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх;
-Улсын Их Хурлын эргэх холбоо, хүртээмж, ил тод байдлыг сайжруулах, сонгогчдод мэдээллийг тогтмол хүргэх тогтолцоо бүрдүүлэх;
-Улсын Их Хурлын үйл ажиллагаанд оролцож буй байдлыг үндэслэн гишүүнийг Байнгын, дэд хорооны даргаар ажиллуулан итгэл үзүүлэн дэмжих хууль зүйн механизм бүрдүүлэх;
-Хэлэлцэж буй асуудлаар улс төрийн зөвшилцлийг хангах, парламентыг үл хүндэтгэх үйлдэлд хариуцлага тооцох бодит механизмыг иж бүрэн болгох;
-Хууль тогтоомжийн нийцлийг хангах, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах 6 хүрээний асуудлаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн нийт 263 заалтыг хөндсөн уг хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байна.
Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтыг оновчтой болгож мэргэжлийн Байнгын хороог 11 болгож, дэд хороог 7 болгон цөөлөх, Улсын Их Хурлын гишүүний ирц, саналаа биечлэн өгсөн байдал, гадаад, дотоод албан томилолт, хуулийн төсөл санаачилсан, хамтран оролцсон, ажлын хэсэг ахалсан, бүрэлдэхүүнд нь ажилласан, хянан шалгах үйл ажиллагаанд оролцсон байдал болон төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй санал, хариуцлага хүлээсэн эсэх талаарх мэдээллийг бодит цагийн горимоор олон нийтэд тогтмол мэдээлэх тогтолцоо бүрдүүлснээр гишүүний хариуцлага дээшилж, Улсын Их Хурлын бүтээмж нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл сэргэнэ. Гишүүний энэхүү оролцоо нь түүнд хариуцлага оногдуулах, нөгөөтээгүүр Байнгын, дэд хорооны даргаар сонгогдон ажиллах шалгуур болох шударга тогтолцоог бүрдүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Мөн хуулийн төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлэг явуулж буй Байнгын хорооны хуралдааны явцад гишүүн төслийг мэтгэлцээний горимд шилжүүлэх санал гаргаснаар хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг мэтгэлцээний журмаар хэлэлцэх нь ойлголцол, зөвшилцөлийг хангаж, төслийн чанарт эерэгээр нөлөөлөх төдийгүй Улсын Их Хурлын дэг болон гишүүний ёс зүйн дүрэм зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлагын төрөл, түүнийг хүлээлгэх нөхцөлийг ажлын бодит үзүүлэлттэй уяснаар хариуцлагын үр нөлөөтэй тогтолцоо бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.






