Үйл явдал2 мин унших
Д.Энхтүвшин: Татварын хуульд оруулж байгаа өөрчлөлт зардалтайгаа уялдахгүй байна!
Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүнээс 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.05.26/ хуралдаанаар хэлэлцүүлэв.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.4.1-т заасны дагуу нийтийн өргөдлийн цахим системд иргэн Р.Шинэгэрэлийн байршуулсан Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1.0 хувь болгон бууруулах өргөдлийг 100187 иргэн зургаан хоногийн дотор дэмжсэн гэдгийг тодотгоод дэмжигчдийн 84 мянга нь 18-40 насны залуус, 57 хувь нь эмэгтэйчүүд байсан нь иргэдэд татварын хувь, хэмжээг бууруулах асуудал нь ус, агаар мэт хэрэгтэйг харуулж байна гэлээ.
Татварын бодлогын хувьд Монгол Улс өнөөг хүртэл иргэдийн орлого, хувийн хэвшлийн өсөлтийг дэмжихээс илүүтэйгээр татвар хуримтлуулах замаар төсвийн зарлагаа санхүүжүүлэх чиглэл нь давамгайлж иржээ. Үүний үр дүнд сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын төсвийн орлого 6 их наяд төгрөгөөс 33.5 их наяд төгрөг болж 5.5 дахин өссөн байна. Гэтэл энэ хугацаанд иргэдийн голч цалин ердөө 3.2 дахин өсжээ. Өөрөөр хэлбэл, төрийн орлого иргэдийнхээсээ илүү хурдтай нэмэгджээ гэдгийг танилцуулгадаа онцлон тэмдэглэв.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин жилийн дундуур татварын хуульд оруулж байгаа өөрчлөлт нь зардалтайгаа уялдахгүй байгааг төсөл санаачлагчид хэрхэн дүгнэж буйг тодотгоод хүн амын орлогын албан татвар сум, дүүргийн төсвийг бүрдүүлдэг. Тэгэхээр энэхүү сум, дүүргүүдийн татварын орлого 2.7 их наяд төгрөгөөр буурч байгааг хэрхэн, яаж нөхөх гэж буй талаар ажлын хэсгээс лавласан юм.
Ингээд "Хувь хүний орлогын татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье" гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 52.9 хувь нь дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

