#Ажлын хэсэг2 мин унших
О.Номинчимэг: Бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах ажлыг төр өөрөөсөө эхлүүлэх шаардлагатай!

Хууль зүйн байнгын хорооноос өчигдөр /2026.05.26/ Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус Байнгын хороо Монголын бизнесийн зөвлөлтэй хамтран “Монголын бизнесийн эрх зүйн орчныг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд хуулийн төсөл болон эдийн засгийн эрхийн асуудлаарх хөрөнгө оруулагчдын илтгэлийг хэлэлцсэн юм. УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг, ихээхэн хүчин чармайлт гаргаж гэмээнэ хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх боломжтой. Ингэхийн тулд эрх зүйн болоод эдийн засаг, бизнесийн орчин тогтвортой байх чухал гэдгийг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.
Хувийн хэвшил тэлж, эдийн засаг тогтвортой хөгжих суурь нь:
хууль шударгаар хэрэгжинэ гэсэн итгэл;
хувийн өмч хамгаалагдана гэсэн итгэл;
шүүх урьдчилан таамаглах боломжтой, хуульд суурилсан шийдвэр гаргана гэсэн итгэлд тулгуурладаг.
"Манай улсын дээрх үзүүлэлтүүд эдийн засгийн эрх чөлөөний индексийг хамгийн доош татах үзүүлэлт болжээ. Ялангуяа төрийн шударга бус байдал, өмчийн хамгаалалт сул байгаа нь бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах ажлыг төр өөрөөсөө эхлүүлэх шаардлагатайг харуулж байна.
Нөгөө талаар хөрөнгө оруулагчид зах зээлд хэрхэн нэвтрэхээ судлахаас гадна, хямралын үед тухайн улсын эрх зүйн тогтолцоо хэрхэн ажилладаг, тодорхой дүрэмтэй эсэхийг судалдаг. Өөрөөр хэлбэл зах зээлд “орох” итгэлийг сайн “гарах” механизм бий болгодог. Гэтэл манай улсын “гарах” механизм буюу дампуурлын тогтолцоо, хуулийн этгээдийг татан буулгах асуудал, иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл үндсэндээ дампуурчээ. Ийм ч учраас бид зах зээлийн цэвэрлэгээний хууль болох Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулиа шинэчлэн батлахаар ажиллаж байна" хэмээн О.Номинчимэг тодотгов.









