Онцлох мэдээ2 мин унших

Ирэх оны оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийг хэлэлцлээ

Ирэх оны оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2026.01.28/-ны өдрийн хуралдаанаар  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал танилцуулав.

Засгийн газраас энэ сарын 01-ний өдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Уг төслийн үзэл баримтлал болон төслөөр зохицуулах харилцаа нь Улсын Их Хурлаас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зохицуулалтыг бүхэлд нь хүчингүй болгох асуудлыг хөндсөн. Гэвч хуулийн төсөлд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1 дэх заалтыг яг тухайн бичилт бүхий үг өгүүлбэр найруулгаар өөрчлөн найруулахаар тусгаж өргөн мэдүүлсэн хэмээн Б.Заяабал гишүүн танилцууллаа. Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9 дэх хэсэгт “Өөрчлөлт оруулж байгаа зүйл, хэсэг, заалтын зарим нэр томьёо, үг хэллэгийг өөрчилсөн буюу хассанаар түүний утга агуулга нэг мөр ойлгогдохооргүй байвал түүнийг өөрчлөн найруулна.” гэж заасан байдаг. Гэтэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа тус хуулийн холбогдох заалтыг өөрчлөн найруулах нь Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчих аж. Нэгдсэн хуралдаанаас хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг үзэл баримтлалын хүрээнд оновчтой болгож хэлэлцэх шаардлага үүссэн.

Иймээс Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцааж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлаас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг Байнгын хорооноос санаачлан боловсруулж хэлэлцүүлэх гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргаж Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар тус хэлэлцүүлсэн. Уг саналыг нэгдсэн хуралдаанаар дэмжсэнээр Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.25 дахь хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.12 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталжээ. Уг саналтай уялдуулан 2025 онд баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. Хуулийн төсөл нэг зүйлтэй, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох зохицуулалтыг тусгажээ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Эдийн засаг, ХудалдааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2008