Байр суурь2 мин унших
Д.Рэгдэл: Огцом төсөвт өртөг нь өсөөд байдаг төсөл арга хэмжээнд УИХ эргээд маш сайн хяналт тавих ёстой!
УИХ-ын чуулганы /2026.06.04/-ний өдрийн хуралдаанаар “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаад хуульд өөрчлөлт оруулчихдаг ийм бүтэц бий болчхоод байгаа юм. УИХ-ын төсвийн тухай хуулиар хавсралтад батлагдсан төсөл арга хэмжээний зардал 1-2 жилийн дараа бараг 2 дахин нэмэгдээд явчих тохиолдлууд гараад байдаг. Үүнд хуулийн дагуу оролцдог 2 байгууллага байна. Барилгын хөгжлийн төв, Сангийн яам. Огцом төсөвт өртөг нь өсөөд байдаг төсөл арга хэмжээнд УИХ эргээд маш сайн хяналт тавихгүй бол бид нарын баталсан хуулийг өөр байгууллага үндсэндээ өөрчилчхөөд байгаа юм. Энэ бол хуулийн өөрчлөлт хийж буй ноцтой асуудал. Бид хуулийг батлахдаа цаана ямар үр дагавар ирж байна вэ гэдгийг төдийлөн сайн бодохгүйгээр баталчихдаг. Жишээлбэл Төрийн хэмнэлтийн хууль гэж нэг хууль байдаг. Яаруу баталсан ийм хууль.
Энэ хуульд худалдан авах арга хэмжээний төсөл арга хэмжээний гэрээ байгуулж дуусах хугацааг тухайн жилийн 5 сарын 31-нээр тасалбар болгочихсон. Монгол Улсын санхүүгийн жил чинь 1 сарын 1-нээс эхлээд 12 сарын 31-нээр тасалбар болдог. Энэ хугацаанд олон төсөл арга хэмжээ тасарчихдаг. Тэр дундаа ингэх шаардлагагүй хөрөнгө оруулалтууд бий. Тоног төхөөрөмжүүдийн хөрөнгө оруулалт гэх мэт. Энэ хуульд чөлөөлөгдсөн санхүүжилтийг төсвийн хэмнэлд тооцно гэж заасан.
Мөн төсвийн хэмнэлтийг зарцуулахгүй байх ёстой гээд дахиад зааж өгсөн. Ингэж төсвийг хэмнэх ямар хэрэгтэй юм бэ. Сүүлийн үед төсөл арга хэмжээг харахад шинэ төсөл арга хэмжээний тоо цөөрөөд хуучныгаа гүйцээж санхүүжүүлэх гэж зовоод яваад байгаа нь хэвийн үзэгдэл болчихлоо.
Сэтгүүлч Ц.Соёлмаа




