Үйл явдал1 мин унших
Чингэлтэйн багачуудыг үзлэг, оношилгоонд хамрууллаа

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Хүүхдийн төлөө ЗА бол ЗААВАЛ хий” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК Нийслэлийн Хүүхдийн сэргээн засах “Бяцхан тэмүүлэл” төвтэй хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл ирээдүй” хөтөлбөрийн хоёр дахь ээлжийн үзлэг, оношилгоо өчигдөр амжилттай боллоо.
Хөтөлбөрийн эхний шатанд Чингэлтэй дүүргийн 15, 16, 22 дугаар хорооны хүүхэд багачууд хамрагдсан бол хоёр дахь ээлжийн үзлэгт 17, 18, 23 дугаар хорооны хүүхдүүд болон тус дүүргийн Гэр бүлийн хүчирхийллийн гэрч, хохирогчийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийн хүүхдүүдээс нийт 100 гаруй хүүхэд хамрагдлаа. Тэд сэргээн засах, хүүхэд, уламжлалтын эмч болон хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэлзүйч зэрэг мэргэжлийн багийн үзлэг, үнэлгээ, зөвлөгөөг үнэ төлбөргүй авсан юм.
“Эрүүл ирээдүй” хөтөлбөр нь хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлэг, хөгжлийн үнэлгээ хийх, шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдад хүргэх зорилготой бөгөөд цаашид бусад хороодын хүүхэд багачуудыг үе шаттайгаар хамруулахаар төлөвлөж байгаа билээ.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн



