Байр суурь4 мин унших
Р.Батболд: Нийслэлээс хэрэгжүүлж буй төслүүдийн санхүүжилтийг төсвийн хуультай уях ёстой

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь4 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр /2026.06.15/ эхэллээ.
Улсын Их Хурлаас зохион байгуулж байгаа өнөөдрийн сонсголын гол ач холбогдол нь мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөхөд чиглэжээ.
Хоёр өдөр үргэлжлэх уг сонсголд Улсын Их Хурлын гишүүдээс гадна ажиглагчаар оролцохоор 1 иргэн, төрийн болон төрийн бус төрийн байгууллагын төлөөлөл 72, иргэдийн төлөөлөл 19 нийт 92 хүн оролцов.
“Нийслэлээс хэрэгжүүлж буй мега төслүүдийн төсвийн гүйцэтгэл, эдийн засаг, санхүүгийн шинжилгээнд хийсэн дүгнэлт”-ийг шинжээч В.Данаасүрэн танилцуулав.
Уг дүгнэлтэд санхүүжилтийн эх үүсвэрүүдийг бодитой шийдвэрлээгүй нөхцөлд мега төслүүдийг хэрэгжүүлэх нь төслийн хугацааг хойшлуулах, төсөвт өртөг хэтрэх, гадаад зээлийн ашиглалт муудах, зээл төлөхөд бэрхшээл үүсэх зэрэг сөрөг нөлөөтэйг онцлон тэмдэглэсэн байлаа. Мөн 2026 онд нийт 16 төслийн төсөвт өртгийн 22.3 хувийг зарцуулахаар төлөвлөсөн ч одоогийн байдлаар 0.8 хувийг зарцуулсан бөгөөд ижил чиглэлийн төслүүдийн нийлмэл нөлөөлөл ямар байхыг харгалзаж шийдвэр гаргаагүй, төслүүдийн эдийн засгийн шинжилгээнд зөвхөн эерэг нөлөөг анхаарснаас биш төслөөс үүдэн гарах байгаль орчны гэх мэт сөрөг нөлөөллийг зардал болгон тооцоололд оруулаагүй байна. Иймд Туулын хурдны зам зэрэг төслүүдийн эдийн засгийн өгөөж, өнөөгийн үнэ цэнийн тооцоо хэт өөдрөг гарсан байх магадлалтай хэмээн дүгнэлтдээ дурджээ.
Мөн шинжээчээс төлөвлөлт, батлах шат, ил тод байдал гэсэн гурван чиглэлд зөвлөмж хэлэв. Тодруулбал, төлөвлөлтийн хүрээнд Засгийн газрын тогтоолд заасан шаардлагуудыг бүрэн хангасан ТЭЗҮ-г боловсруулсан эсэхэд хяналт тавих, тендерийн шаардлагад тодорхой заах, эдийн засаг, санхүүгийн шинжилгээ хийхэд баримтлах тодорхой аргачлалыг санал болгож, бүх төслийн ТЭЗҮ-д ашигладаг болох, төсөвт үзүүлэх ачаалал, зээлийн эргэн төлөх боломжийг тусгасан шинжилгээг хийлгэх, ингэснээр шинжилгээний агуулга, тооцоолол, чанар сайжирч, итгэхүйц, харьцуулагдахуйц болно гэсэн байв.
Харин батлах шатанд хөрөнгө оруулалтын төслүүдийг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн бодлогын баримт бичиг, төсвийн ачаалалтай уялдуулан эрэмбэлэлт хийдэг аргачлалтай болж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэр гаргахад ашигладаг болох. Үүний дүнд ач холбогдол өндөр, эдийн засаг, нийгмийн өгөөжтэй, төсөв, өрийн удирдлагад нийцсэн ачаалал, эргэн төлөгдөх хуваарь бүхий төслүүд батлагдана. Зээлийн ашиглалт сайжирна гэсэн байлаа. Түүнчлэн төслийн төсөвлөлт, зарцуулалтын тайлагналыг нийтэд ил тод болгох хуулиудын шаардлагыг хангаж ажиллах шаардлагатай хэмээн зөвлөмжид дурджээ.
Мөн энэ удаагийн сонсголд Авлигатай тэмцэх газраас “Нийслэлийн хөрөнгө оруулалтын төслүүдтэй холбоотой асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй хэргийн талаар нийслэлийн хэмжээнд 2024 оноос хойш хийсэн авлига ашиг сонирхлын талаарх судалгаа авсан арга хэмжээний талаар” мэдээлэл хийлээ. Авлигтай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал мэдээлэлдээ тус газраас прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын талаар зарим мэдээллийг өгөх зөвшөөрөл олгоогүй тул мөрдөн байцаалтад саад болохгүй, бусдын нэр хэлэхгүйгээр тодорхой мэдээллийг өгнө гэдгийг онцлон тэмдэглэв.

Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Н.Алтаншагай, Ж.Баярмаа, Ж.Галбадрах, П.Сайнзориг нар үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд нийслэлийн ажлыг татаж авчраад болохгүй, бүтэхгүй байна гэж яриад байгаа юм биш, харин яагаад ийм асуудал үүссэн талаар нийслэлийн холбогдох албан тушаалтнууд тунгааж бодох хэрэгтэй гэв.
Мөн тэрбээр, "Төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь зөв. Хот ажил хийх ёстой. Үүнийг дэмжиж байгаа. Гэхдээ төслүүдийн санхүүжилтийг төсвийн хуультайгаа уях ёстой юм. Хот улсын төсвийн алдагдлаас илүү их буюу 2.4 их наядын алдагдалтай төсөв баталчихаад байгаа нь асуудал үүсгээд буй юм. Сүүлийн 2 жилийн байдлаар Нийслэлийн төсөв 3 дахин нэмэгдлээ. Хийж буй ажил нь юу гэдгийг эрэмбэлж чадаж байна уу? Хотын шинэ дарга аа, та засаглалын асуудлаа шийдэх хэрэгтэй. Хотын 45 төлөөлөгчийн 43 нь ямар нэгэн байдлаар төрийн ажил хийгээд явж байж болох уу?
Хэн нь хэндээ хяналт тавих гээд байна вэ? Хотын хийж буй ажлууд улсынхаас, хувийн хэвшлийнхээс яагаад өртөг нь өндөр болчихоод байна вэ?
Хувийн хэвшил барилга барьж 3.5 саяар борлуулах гээд байхад, хотоос барьж буй барилгын дэд бүтэц, газрын үнэ ороогүй дүн нь 3.8 сая байна вэ? Хэн үүнд хяналт тавих вэ?" гэв.