Үйл явдал2 мин унших
ЭЗХЯ: Энэ 7 хоногт

Эдийн засаг хөгжлийн яамны 2026.06.09-06.15 хугацаанд болж өнгөрсөн онцлох үйл явдлын мэдээллийг тоймлон хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эдийн засаг, шинжлэх ухааны ажилтан, албан хаагч нартай уулзалт хийлээ. Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр арга хэмжээг нээж үг хэлсэн бөгөөд энэ үеэр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Эдийн засаг, шинжлэх ухааны ажилтан, албан хаагчид төрийн дээд цол, одон медалиар шагнууллаа.
Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд нэн яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Хуулийн төслийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулж, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл, саад бэрхшээлийг арилгах гол зорилго болохыг онцоллоо.
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн Удирдах албан тушаалтнуудын уулзалт Улаанбаатар хотноо боллоо. Монгол Улс КАРЕК хөтөлбөрт 2003 онд нэгдэн орсон бөгөөд тус хөтөлбөрийн 25 жилийн ой тохиож буй түүхэн үед Монгол Улс хөтөлбөрийг даргалж байгаагаараа онцлогтой. Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн дэмжлэгтэйгээр нийт 1.4 тэрбум ам.долларын санхүүжилттэй хил холболт, боомтын дэд бүтцийг шинэчлэх, төв болон баруун босоо тэнхлэгийн автозамыг барих зэрэг 19 төслийг манай улс хэрэгжүүлсэн байна.
”Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн тав дахь шатны хэлэлцээ зохион байгуулагдлаа. Энэхүү тав дахь шатны хэлэлцээ нь БНСУ-ын зах зээлд нэвтрэх нөхцөлийг сайжруулж, экспортын боломжийг бодитоор тэлэх нөхцөлийг тохирох чиглэлд ахиц гаргах чухал ач холбогдолтой. Хэлэлцээг хааж ЭЗХЯ-ны ТНБД И.Батхүү үг хэлэхдээ “эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь хоёр орны бизнес эрхлэгчид болон иргэдэд шинэ боломжуудыг бий болгох алсын хараатай болох”-ыг онцлон тэмдэглэлээ.
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх "Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв" 2026 оны эхний хагас жилийн үр дүнгээ танилцууллаа. Тус төв байгуулагдсанаас хойш 15 салбарын хүрээнд 79 арга хэмжээ зохион байгууллаа. 66 төрийн болон олон улсын 66 байгууллагатай хамтран ажиллаж, 1,091 аж ахуйн нэгжийн нийт 3,273 иргэнд хүрч үйлчиллээ. 304 санал хүсэлт ирсэн бөгөөд үүнээс 98 саналыг шийдвэрлээд байна.
Эх сурвалж:
Эдийн засаг хөгжлийн яам
