Үйл явдал3 мин унших

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.29/ Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, А.Ганбаатар, Г.Лувсанжамц, Л.Мөнхбаатар, Б.Мөнхсоёл, О.Номинчимэг, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Д.Цогтбаатар, Л.Энхнасан нарын 55 гишүүнээс Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг өргөн мэдүүлэв.

Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг 23 жилийн өмнө баталсан бөгөөд тус хөтөлбөрт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг идэвхжүүлж, Үндсэн хуульд заасан хүний эрхийн зөрчилд хүчтэй ажиллах механизм бүрдүүлнэ” гэсэн зорилт тавьсан байна. Энэ сэдэв хөндөгдөөд 30 жил болж байгаа төдийгүй үүнтэй холбоотой хуулийн төслүүд дөрвөн парламент дамжсаныг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин онцлов. 2020-2024 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Мөнх-Оргил хуулийн төслийн талаарх судалгаа, харьцуулалт, тооцоолол гээд бэлтгэл ажил, төслийн боловсруулалтыг нягт, нямбай хийсэн тул Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагыг бүрэн хангасан энэхүү төслийг өргөн мэдүүлж байна гэлээ.

Хуулийн төслийн гол зорилго нь иргэний үндсэн эрхийн хяналтыг Үндсэн хуулийн цэцэд бий болгох бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль дахь хүний эрх, эрх чөлөө цаасан дээр үлдэх үү, эсвэл амьдралд хэрэгжих үү гэдэг асуултад хариулахад чиглэсэн гэдгийг Х.Тэмүүжин гишүүн хэлэв.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл:

Хуулийн төслийн гол өөрчлөлт Үндсэн хуулийн цэц үндсэн эрхийн маргааныг иргэдийн өргөдлийн дагуу, өөрийн санаачилгаар буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтээр, мөн эрх мэдэл хуваарилалтын маргааныг Үндсэн хуульд заасан эрх мэдэл хуваарилалтын оролцогчдын хүсэлтээр хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн байна.

Хуулийн төсөлд дараах зарчмын шинэлэг зохицуулалтыг тусгажээ. Үүнд:

Үндсэн хуулийн Жаран дөрөв, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны хүрээнд "Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих", Үндсэн хууль зөрчсөн маргааныг хянан шийдвэрлэх чиг үүргээ Цэц нь иргэнээс ирүүлсэн "үндсэн эрх" зөрчигдсөн тухай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх зохицуулалт, Үндсэн хуулийн процессын эрх зүйн дэлхий нийтийн чиг хандлагын хүрээнд "өргөдөлд" тавигддаг шалгуурыг нарийвчлан тусгасан байна.

Цэц нь Үндсэн хуулийн шүүх болохын хувьд хянан шийдвэрлэх маргааны агуулгыг "хамаарлын зарчмын" хүрээнд томьёолохын зэрэгцээ Үндсэн хуулийн цэцэд ирсэн аливаа өргөдөл, мэдээллийн талаарх урьдчилсан хяналтыг Үндсэн хуулийн шүүхийн Тамгын газар ерөнхий бүртгэлийн хүрээнд гүйцэтгэдэг жишиг бусад улс оронд тогтсон бөгөөд энэ нь Цэцэд ирсэн өргөдөл, мэдээллийн анхны буюу хэлбэрийн шалгалтыг Тамгын газар ерөнхий бүртгэлийн хүрээнд шалгаж, хуулийн шаардлага хангаагүй асуудалд бүртгэгч /хуульч/ нар хариу өгч буцаах, зарим тохиолдолд хуулийн шаардлага хангуулах арга хэмжээг авахаар журамлах нь Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд зохиомол ачаалал үүсэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой тул хуулийн төсөлд тусгасан байна.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулснаар Үндсэн хуулийн цэц онолын шүүх болох нөхцөл хангагдана гэж үзжээ. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн үндэслэлийг онолын түвшинд, ойлгомжтой, үндэслэл сайтай гаргах, үндэслэлээ бичгээр дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагын үүднээс хуралдаан дууссанаас хойш хоёр сарын дотор Цэцийн шийдвэрийг эцэслэн бичиж, ёсчлох, улмаар тодорхой хугацаанд нийтэд мэдээлэх, нийтлэх, эмхэтгэж хэвлэхээр хуульчлах, маргааны оролцогчдын эрх зүйн байдлыг тодорхой болгох, эрх үүргийг тусгайлан хуульчлах, Үндсэн хуулийн цэцийг үл хүндэтгэсэн, хуралдааны дэг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тусгасан байна

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хууль, эрх зүйХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016