Үйл явдал1 мин унших
Хиймэл оюун, цахим ур чадвар ашиглан ХБИ-ийг чадавхжуулах төслийн нээлт боллоо

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон Development Solutions NGO - Хөгжлийн Шийдэл ТББ хамтран хэрэгжүүлж буй тус төслийн нээлтийн арга хэмжээ 2026 оны 8 дугаар сарын 12-ны өдөр боллоо.
Энэхүү төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчид, тэдний асран хамгаалагчид, өсвөр үеийнхэн, залуучууд, мөн багш, сурган хүмүүжүүлэгчдэд хиймэл оюун, цахим технологийг өдөр тутмын амьдрал, боловсрол, бизнес, хөдөлмөр эрхлэлтдээ үр дүнтэй ашиглах ур чадвар олгоход чиглэж байна.
Тухайлбал, бизнес эрхлэгчид хиймэл оюуныг ашиглан зах зээлээ судалж, цаг хугацаагаа хэмнэн бизнесээ хөгжүүлэх боломжтой болно. Өсвөр үеийнхэн, залуучуудад хөдөлгөөний бэрхшээлээс үл хамааран зайнаас ажиллах боломжтой, эрэлттэй мэргэжлүүдийг таниулна. Харин багш, сурган хүмүүжүүлэгчид суралцагч бүрийн хэрэгцээнд нийцсэн хүртээмжтэй сургалтын орчин бүрдүүлэх шинэ арга барилд суралцах юм.

Нээлтийн үеэр оролцогчдод сургалтын эрхийн бичиг гардуулж, төслийн үйл ажиллагаа болон сургалтын хуваарийг танилцууллаа.
Төслийн оролцогчдыг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгосон бөгөөд нийслэл болон орон нутгаас нийт 80 гаруй хүнийг хамруулж байна. Уг төсөл нь энэ оныг дуустал үргэлжлэх бөгөөд оролцогчдын санал хүсэлт, сургалтын үр дүн, бодит хэрэгцээнд үндэслэн дараагийн шатны сургалтыг боловсруулах, илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх суурь болох юм.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
