Үйл явдал2 мин унших
Сэргийлж болох нас баралтыг бууруулахын төлөөх ажил бодит бүтээн байгуулалт боллоо

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Өнөөдөр Монгол Улсад Зүрх судасны үндэсний төв байгуулах барилгын шав тавигдлаа. Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчлөлийг бууруулж, сэргийлж болох амь насыг аврах тогтолцоог бэхжүүлэх нь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх үеийн миний том зорилтуудын нэг байсан.
Тус төвийг байгуулах төслийн санхүүжилтийг бүрдүүлэх, зээлийн хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулах үйл явцад Сангийн сайд асан Болдын Жавхлан Javkhlan Bold -тай хамт оролцож, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл, Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая евро буюу 26.4 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжих боломж бүрдсэн юм.
Энэхүү төслийг олон жилийн турш тууштай дэмжин, хамтран ажиллаж буй Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Эрүүл Мэндийн Яам Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг УГТЭ , эмч, эмнэлгийн нийт ажилтнууддаа талархал илэрхийлье.
Газар хөндөж шав тавих ёслолыг гардан хийсэн Монголын Бурхан шашинтны төв – Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, XXX Хамба номун хан, гэвш лхаарамба Дуламрагчаагийн Жавзандорж таньд баярлалаа.
Түүнчлэн орон нутагт эрчимт эмчилгээ, яаралтай, түргэн тусламжийн тогтолцоог бий болгох Азийн хөгжлийн банкны 225 сая ам.долларын төслийг гараанаас гаргасан. Энэхүү төслөөр 21 аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын яаралтай болон эрчимт эмчилгээний тусламж, дэд бүтэц, тоног төхөөрөмж, түргэн тусламж, телемедицин, хүний нөөцийн чадавхыг үе шаттайгаар бэхжүүлэх юм.
Энэ хоёр том төсөл хэрэгжсэнээр сэргийлж болох өвчлөл, нас баралтыг бууруулж, олон хүний амь насыг аврах, эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо бүрдэнэ. Зүрх судасны үндэсний төв ашиглалтад орсноор Монголын зүрх судасны тусламж, үйлчилгээ шинэ түвшинд гарах суурь өнөөдөр тавигдлаа.
