Үйл явдал3 мин унших
Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний нээлтэд оролцлоо

Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний нээлт /2026.09.25/-ны өдөр боллоо.
Нээлтийн арга хэмжээнд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын дарга Л.Одбаясгалан, Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн Л.Одсэр, Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж, Үндэсний бодлогын хорооны гишүүд Б.Анхбаяр, Н.Ариунжаргал, Б.Наран-Учрал, Ц.Мартгэрэл болон намын гишүүд, дэмжигчид, бусад төлөөлөл оролцов.

Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын дарга Л.Одбаясгалан үндэсний хөдөлгөөнийг нээж хэлсэн үгэндээ иргэдийн санал, оролцоонд тулгуурлан орон нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, иргэдтэйгээ ойр, нээлттэй, хариуцлагатай ажиллахыг аймгийн намын байгууллага зорьж байгааг онцоллоо.
Үргэлжлүүлэн Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт намын шинэчлэл, улс төрийн өнөөгийн нөхцөл байдал болон “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний зорилтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ жил Ардчилсан намын хувьд маш чухал жил болж байна. Ардчиллын хоёр дахь том давлагаа “Шинэ тэмүүлэл” нэрийн дор эхэлж, намын удирдах байгууллагуудын төлөөлөл шинэчлэгдсэн. Тухайлбал, Үндэсний бодлогын хорооны 378 гишүүний 70 гаруй хувь нь шинэ гишүүд байна.

Манай нам гурван удаа дараалан ялагдсан. Үүний улмаас улс орон даяар нэг намын давамгайлал бий болж, өнөөдөр төрийн засаглалын чадамжид сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн нөхцөл байдлыг бид харж байна. Ойрын өдрүүдэд МАН-ын дотоод зөрчил хурцдаж, ард түмний төрд итгэх итгэлд сөргөөр нөлөөлж байна.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн санаачилгаар “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж байна. Үүний үр дүнд бид 2027, 2028 оны сонгуулиудад ялалт байгуулах ёстой. Хэрэв бид ялагдвал нэр төдий ардчилалтай боловч бодит байдал дээр нэг намын давамгайлал руу шилжих эрсдэлтэй.
Говьсүмбэр аймаг бол ардчиллын цэнхэр суурьтай.Тиймээс эвлэлдэн нэгдэж, дотоод зохион байгуулалтаа бэхжүүлэх ёстой. Маш том хариуцлага, сонголт бидний өмнө байна. Бид заавал ялалт байгуулах ёстой” хэмээв.
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн Р.Сэддорж орон нутагт улс төрийн зөрчил, маргаанаас илүүтэй ажил хэрэг, хамтын ажиллагааг эрхэмлэж, иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэх нь чухал болохыг онцлов. Мөн Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын удирдлагад амжилт хүсэж, намын гишүүдийн эв нэгдлийг хангах, гишүүнчлэлээ нэмэгдүүлэх, цаашдын үйл ажиллагаагаа нэгдсэн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэхийг уриаллаа.
Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн Л.Одсэр “Бидэнд ялахаас өөр зам үлдсэнгүй. Улс орны ирээдүй хаашаа чиглэх нь тодорхойгүй нөхцөл байдал үргэлжилж байна. 2012-2016 онд Ардчилсан нам засаг барьж байх үед 25 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, зарцуулалт хийж, улс орны хөгжилд чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлсэн. Харин 2016 оноос хойш МАН 12 жил тасралтгүй засаглалаа. Монголын түүхэнд байгаагүй их хэмжээний буюу 125 их наяд төгрөгийн зарцуулалт хийсэн. Ерөнхий сайдад өмнө байгаагүй их эрх мэдэл олгож, удаан хугацаанд ажиллуулсан. Өнөөдөр улс орны амьдрал ямар байна вэ. Их наядын хулгай, авлигын асуудал яригдаж, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүндэрч байна. Хувийн хэвшил дампуурч, төрийн өмчит компаниуд улам томорч байна. Хэрэв зөв менежменттэй, эв эетэй байж чадвал бид засаглаж чадна. Бидэнд ялалт ойрхон байна” гэв.
Үргэлжлүүлэн Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж болон Ардчилсан намын Намын байгуулалтын газрын улс төрийн ахлах ажилтан Ц.Мартгэрэл нар улс орон даяар хэрэгжиж буй “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний зорилго, хэрэгжилт, орон нутагт зохион байгуулах ажлын талаар мэдээлэл өглөө.
Ийнхүү намын дотоод зохион байгуулалт, гишүүдийн оролцоо, эв нэгдлийг бэхжүүлэх, иргэдтэй хийх уулзалт, орон нутгийн асуудлыг тодорхойлох, цаашдын үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтаар хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцов.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт дараалсан, давхар ялалтыг бэлгэдэн “Ялалтын туг”-ийг Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын дарга Л.Одбаясгаланд дурсгав.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
