Байр суурь2 мин унших
Н.Батсүмбэрэл: Олон намууд дотооддоо цэгцрэх ёстой
УИХ-ын чуулганы /2026.11.19/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:
Ерөнхийлөгчийн хүсэлтийг дэмжинэ. Нэг талдаа Монголын түүхэнд шинэ үзэгдэл болж байна. Олон шинэ зүйлсийг бид үүндээр суралцах байх. Шинээр Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн хэр хэмжээ ямар байхаас эхлээд яригдаж таарна. Хүнийг гүтгэдэг байдал ямар байдалд хүрч байгаа вэ гэдгийг бид төр дээрээ харж байна. Бодь компани болон Гашуун сухайтай холбоотой асуудлуудыг ил тод ярих ёстой гэдгийг маш сайн ойлгож байна. Ийм учраас өнөөдөр Номтойбаяр гишүүний бланк дээр байгаа түр хорооны саналыг дэмжиж гарын үсэг зурсан. Үүнийг ил ярих ёстой. Үүнтэй холбогдсон хүмүүс шалгагдах ёстой. Ерөнхийлөгч байгаа хүн нь чөлөөлөгдөж байна. Ерөнхийлөгч байсан хүн нь чөлөөлөгдөөд шалгагдах ёстой. ЗГХЭГ-ын дарга өчигдөр ажлаа өгсөн. Монгол улсын ерөнхий сайд өчигдөр улс төрийн мэдэгдэл хийж байна. МАН-ын даргын хувьд энэ асуудлаа нам дээрээ ярих хэрэгтэй.
Олон түмэн МАН-д итгэж найдаж хүлээж байгаа. МАН уг асуудалдаа улс төрийн том дүгнэлт хийх ёстой. Ганц МАН гэлтгүй АН, бусад намууд ч үүндээр ярих хэрэгтэй. Ард түмэн нь байтугай iphone утас нь танихгүй болчихсон даргатай намынх нь ярьдаг юм байна. Улс төрийн шударга ёсны асуудлыг олон түмэн хүсэж байна. Үүнийг цааш тасралтгүй үргэлжлүүлэх ёстой гэдгийг Монгол Улсын ерөнхий сайдад, МАН-ын даргад энд онцолж хэлье.
Цаашдаа энэ ажлуудыг ил тод байдлаар ярих хэрэгтэй байна. Ингэж байж олон түмний итгэх итгэл сэргэнэ. Нэг хэсэг бүлэг хүмүүсийг нэрлэж цоллоод, нэг намыг хар муухайгаар яриад өнгөрч болохгүй. АН гэгээн цагаан, ариун дулаахан нам биш. Энэ олон хүнээсээ намууд өөрсдөө цэвэрлэж цэгцрэх ёстой. Үүн дээр хэдүүлээ үзэл санаа нэг байх ёстой. Энэ ажлыг эрх баригч намын даргын хувьд Учрал даргыг илүү их манлайлаасай гэж хүсэж байна.
Сэтгүүлч Х.Оюумаа
