Онцлох мэдээ4 мин унших
Уншдаг хүүхэд сэтгэдэг монголыг төлөвшүүлнэ

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Эх хэл – Нэг Монгол” үндэсний зөвлөгөөнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Эх хэл ба ирээдүйн чадамж” сэдвээр илтгэл тавилаа.
Сайд илтгэлдээ "Монголчууд бидний олон зууны турш хамгаалж, үе уламжлан дээдэлж ирсэн хамгийн үнэт баялаг бол эх хэл. Эх хэл бол зөвхөн харилцааны хэрэгсэл биш. Энэ бол үндэстний ой санамж, түүх, соёл, сэтгэлгээний дархлаа юм.
Гэхдээ эх хэлний боловсролыг бид зөвхөн зөв бичих дүрэм, хурдан унших чадвараар хэмжиж болохгүй. Хүүхэд уншсанаа ойлгож, өөрийн бодлоо илэрхийлж, мэдээллийг харьцуулан шинжилж, дүгнэлт гаргаж, мэдлэгээ амьдралдаа хэрэглэх чадвартай болох нь хамгийн чухал.
УНШИЖ ОЙЛГОХ ЧАДВАР ХҮНИЙ ИРЭЭДҮЙН БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ

Уншиж ойлгох чадвартай хүүхэд зөвхөн монгол хэлний хичээлдээ амжилттай суралцахгүй. Математик, байгалийн ухаан болон бусад бүх хичээлийн агуулгыг ойлгож, бие даан суралцах, асуудлыг шийдвэрлэх чадвараа хөгжүүлнэ.
Цаашлаад технологийн шинэ мэдлэг, хиймэл оюуны хэрэглээг хурдан эзэмших, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх, бүтээмжээ нэмэгдүүлэх, бусадтай үр дүнтэй харилцаж, хамтран ажиллах боломж нь нэмэгдэнэ.
Олон улсын судалгаагаар уншиж ойлгосноо ажил, амьдралдаа хэрэглэж чаддаг хүний нэг цагийн хөдөлмөрийн хөлсийг 6 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.
Мөн 2026 оны есдүгээр сард Кембрижийн их сургуулийн тархи судлалын эрдэмтдийн судалгаагаар тогтмол уншдаг хүний тархины бүтэц, үйл ажиллагаанд эерэг өөрчлөлт гарч, танин мэдэхүйн чадвараа хадгалах, бусдын хэлсэн мэдээллийг ойлгож боловсруулах чадвараа сайжруулахад унших дадал чухал нөлөөтэйг онцолжээ.
Гэвч манай улсын боловсролын салбарт энэ суурь чадварыг хангалттай хөгжүүлж чадахгүй байна.
ПИСА-ийн 2022, 2025 оны үнэлгээгээр манай 15 настай гурван хүүхэд тутмын хоёр нь уншиж ойлгох суурь түвшинд хүрээгүй байна. Өөрөөр хэлбэл, уншсан мэдээллийнхээ гол санааг ойлгох, түүнийгээ амьдралдаа хэрэглэх, мэдээлэлд дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвар дутмаг байна гэсэн үг.
Мөн хот, хөдөөгийн хүүхдүүдийн уншиж ойлгох чадварын үзүүлэлтэд 2.1 жилийн зөрүү гарч байгаа нь хүүхэд бүрд чанартай ном, сургалтын материал, унших орчин тэгш хүртээмжтэй байх шаардлагатайг харуулж байна.
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ ҮЕЭР ХҮҮХДҮҮДИЙН УНШИЖ ОЙЛГОХ ЧАДВАР САЙЖИРСАН ТОХИОЛДОЛД МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ 177 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ҮР ӨГӨӨЖ БИЙ БОЛГОХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН ТООЦООГ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ТАНИЛЦУУЛСАН.
Энэ бол унших чадвар зөвхөн боловсролын асуудал биш, улс орны эдийн засгийн хөгжил, хүний хөгжлийн асуудал гэдгийг харуулж буй бодит жишээ юм.
ТИЙМЭЭС БИД ЭХ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ДАРААХ ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛНЭ.
Нэгдүгээрт, сургалтын хөтөлбөрийг шинэчилнэ. Сургуулийн өмнөх боловсролоос эхлэн сонсож ойлгох, үгийн сангаа баяжуулах, ойлгосноо илэрхийлэх чадварыг хөгжүүлнэ. Бага боловсролд унших, уншсанаа ойлгох, тайлбарлах чадварыг төлөвшүүлж, дунд болон ахлах ангид мэдээлэлд дүн шинжилгээ хийх, эх сурвалжийг үнэлэх, нотолгоонд тулгуурлан дүгнэлт гаргах, бүтээлчээр бичих чадварыг хөгжүүлнэ.
Хоёрдугаарт, 2027 онд сурах бичгийн бодлого, тогтолцоонд шинэчлэл хийнэ. Монгол хэлний сургалтад ашиглаж болох 700 гаруй ном, сурах бичиг, эхийг судлахад 200 гаруй нь шаардлага хангаагүй гэж үзсэн. Иймээс хүүхдийн нас, сэтгэхүйн хөгжилд тохирсон, сонирхол татахуйц, чанартай ном, эхийн сонголтыг нэмэгдүүлнэ.
Гуравдугаарт, хүүхэд бүрийг номтой, номын сантай, унших цагтай болгоно. Сургуулийн номын санг зөвхөн ном хадгалдаг бус, хүүхэд уншиж, хэлэлцэж, судалж, мэдлэг бүтээдэг орчин болгон хөгжүүлнэ.
Дөрөвдүгээрт, багшийн арга зүйг шинэчилнэ. Уншиж ойлгох чадвар зөвхөн монгол хэлний багшийн хариуцах асуудал биш. Математик, байгалийн ухаан зэрэг бүх хичээлийн багш сурагчдын уншиж ойлгох чадварыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах ёстой.
Тавдугаарт, монгол хэлний боловсролын үр дүнг үндэсний хэмжээнд оношилно. OECD байгууллагатай хамтран PIAAC үнэлгээг нэвтрүүлж, иргэдийн унших, ойлгох, ойлгосноо хэрэглэх чадварын түвшин, нас болон боловсролын түвшин хоорондын ялгааг тодорхойлохоор ажиллана.
Зургаадугаарт, хиймэл оюун ухаан, цахим технологийн орчинд монгол хэлний хэрэглээг өргөжүүлнэ. Монгол хэлний цахим сан, үндэсний бичгийн технологи, зөв бичих болон хэл найруулгын туслах систем, кирилл болон монгол бичгийн хөрвүүлэг, яриа таних, орчуулгын технологийг хөгжүүлнэ.
Мөн 2027 оны хавар SAT үнэлгээг турших бэлтгэлийг хангаж байна. Ингэснээр зөвхөн дүрмийн мэдлэг бус, эх хэлний чадвараа ашиглан бусад шинжлэх ухааны чиглэлээр амжилттай суралцахад шаардлагатай ур чадварыг үнэлэх зорилготой.

“УНШДАГ ХҮҮХЭД – СЭТГЭДЭГ МОНГОЛ” ҮНДЭСНИЙ САНААЧИЛГЫГ ДЭВШҮҮЛЛЭЭ
Хүүхдийн унших чадварыг хөгжүүлж, тогтмол унших дадлыг төлөвшүүлэх зорилгоор “Уншдаг хүүхэд – Сэтгэдэг Монгол” үндэсний санаачилгыг хэрэгжүүлэх саналыг дэвшүүллээ.
Энэ санаачилга нэг удаагийн аян, уралдаан, номын баяр байх ёсгүй. Харин сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багшийн арга зүй, үнэлгээ, сургуулийн номын сан, гэр бүлийн оролцоог хамарсан тогтвортой бодлого байх учиртай.
2029 он гэхэд 15 настай гурван хүүхэд тутмын хоёрыг уншиж ойлгох суурь түвшинд хүргэх зорилт тавьж байна.
Нэг ч хүүхдийг унших чадварын хоцрогдолтой үлдээхгүй байх нь бидний зорилго.
Эх хэлээ хамгаална гэдэг нь үндэсний ой санамжаа хамгаалж буй хэрэг. Эх хэлээ хөгжүүлнэ гэдэг нь үндэсний сэтгэлгээгээ хөгжүүлж буй хэрэг. Харин эх хэлээрээ мэдлэг бүтээж чаддаг иргэнийг төлөвшүүлэх нь Монголын ирээдүйг бүтээж буй үйл хэрэг юм" гэдгийг онцлов.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
