Үйл явдал2 мин унших
2027 оныг “Хүүхдийн бүтээлч хөгжлийг дэмжих жил” болгон зарлана

Дэлхийн хүүхдийн өдрөөр Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хурал боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд тус зөвлөлийн тэргүүн Н.Учрал, хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, түүний үр үр дүн, цаашдын зорилтыг танилцууллаа.
Ерөнхий сайд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсаны 37 жилийн ой тохиож буйг тэмдэглэж, хүүхдийн эрхийг хамгаалах хамгийн эхний алхам бол тэднийг сонсох гэдгийг онцлов.
Энэ үеэр Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулсан “Миний өдөр, миний эрх, миний ирээдүй” 800 хүүхдийн чуулганы төлөөлөл цахим хэлбэрээр оролцож, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд дуу хоолойгоо хүргэсэн юм.
Хуралдаанаар “Хүүхдийн төлөө За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, арга хэмжээний үр дүнг хэлэлцэв. Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийг бүртгэж, үнэлэн, шуурхай шийдвэрлэх тогтолцоо бүрдүүлж иргэдээс ирүүлсэн 998 эрсдэлийн 25 хувийг арилгажээ. Мөн байгууллагуудын хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт нэмэгдсэн байна. Сургууль, цэцэрлэгт түшиглэсэн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдвал зохих хүүхдийн 83.5 хувь нь хамрагджээ.
Нийслэлийн “Ногоон байр”-ыг “Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон” болгон тохижуулсан бөгөөд тус ордонд робот техник, программ, инженерчлэлийн чиглэлээр жил бүр 3,000 гаруй хүүхэд суралцах юм.
Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн хурлаар Хүүхдийн төлөө “За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Эрсдэлийн мэдээллийг бүртгэж, шуурхай шийдвэрлэх цахим тогтолцоог бүрдүүлэх, Хүүхдийн эрхийг хамгаалах талаар авах зарим арга хэмжээг тусгасан тогтоолыг баталж, хэрэгжүүлэн ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга нарт даалгалаа.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
