Үйл явдал2 мин унших
Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд “охид, эмэгтэйчүүдийн ариун цэвэр, эрүүл ахуйн багц” хүлээлгэн өглөө

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны (Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах олон улсын өдөр) өдрөөс 12 дугаар сарын 10-ны (Хүний эрхийн өдөр) өдрийг хүртэлх 16 хоногийн хугацаанд зохион байгуулдаг уламжлалтай.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам аяныг нээж, Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд “Охид, эмэгтэйчүүдийн ариун цэвэр, эрүүл ахуйн багц” хүлээлгэн өглөө.
Арга хэмжээг нээж, ГБХНХЯ-ны Төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Энхтөр, НҮБ-ийн Хүн амын сангийн Тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч Жейдип Бисвас нар хэлсэн үгэндээ, аюулгүй орчин бол хэн нэгэнд олгож буй давуу эрх биш, хүн бүрийн эдлэх ёстой үндсэн эрх болохыг онцолсон.
2026 оны байдлаар Улсын хэмжээнд 29 түр хамгаалах байр, 13 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байна. Оны эхний хагас жилд эдгээр төвүүд нийт 2592 (1845 нь хүүхэд) иргэнд хамгааллын үйлчилгээ үзүүсэн байна.
Хохирогчийг хамгаалах гэдэг нь зөвхөн аюултай нөхцөлөөс тусгаарлах төдий асуудал биш юм. Энэ нь тухайн хүний нэр төр, эрх, сонголт, эрүүл мэнд, сэтгэл зүй, цаашдын бие даасан амьдрах боломжийг цогцоор нь дэмжих үйл явц юм.
Тиймээс энэхүү багц нь зөвхөн хэрэглээний бүтээгдэхүүний тусламж биш. Харин хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүдийн хэрэгцээг ойлгож, тэднийг хүндэтгэж, нөхөн сэргээх үйлчилгээнд хүн төвтэй хандаж буйн илэрхийлэл болж байна.
Мөн энэ үеэр ТҮР ХАМГААЛАХ БАЙР, НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан


