Үйл явдал3 мин унших
ХХНБХХ: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх тайланг хэлэлцэв

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал3 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаМанай улс 2024 онд Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр 145 улсаас 85 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2025 онд 148 улсаас 65 дугаарт эрэмбэлэгдэж 20 байраар урагшилжээ.
Боловсрол, эрүүл мэндийн үзүүлэлт тогтвортой, ахицтай гарсны зэрэгцээ эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоогоор 120 дугаар байрнаас 99, ажиллах хүчний оролцоогоор 43 дугаар байрнаас 20 дугаарт эрэмбэлэгдэж, ахиц дэвшилтэй гэж үнэлэгдсэн байна.

Олон Улсын Парламентын холбооноос гаргадаг "Парламент дахь эмэгтэйчүүд" үзүүлэлтээр дэлхийн 190 улсаас 98 дугаарт эрэмбэлэгдэж, өмнөх жилээс 30 байраар ахисныг дурдаж, эмэгтэйчүүдийн бизнесийн болон хууль, эрх зүйн орчны үзүүлэлтээр дэлхийн болон бүс нутгийн дунджаас дээгүүр дүгнүүлсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд гурван эмэгтэй сайд ажиллаж байгаа бөгөөд нэг яамны Төрийн нарийн бичгийн дарга, мөн зургаан агентлагийн дарга, яамдын газар, хэлтэс, 80 агентлагийн хэлтэс, нэгжийг 192 эмэгтэй удирдаж буй бол нутгийн захиргааны байгууллагын улс төрийн томилогдох албан тушаал болох Засаг дарга, Засаг даргын орлогчийн албан тушаалд дөрвөн дүүрэг, хоёр сум, 27 хороонд нийт 74 эмэгтэй томилогдон ажиллаж байна. Энэ тоон дүн өмнөх жилүүдээс илт ахисан бодит үр дүн боловч нийгэм, улс төр, эдийн засаг, төрийн алба зэрэг бүхий л салбарт жендэрийн тэгш бус байдал оршсоор байгаа аж.

Улсын Их Хурлын гишүүд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхтэй холбоотой Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, асрахуйн эдийн засагт оруулж буй хувь нэмрийг үнэлэх, хувилбарт асрах үйлчилгээг нэвтрүүлэх, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, эрэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг өргөжүүлэх, тэдний энэ талаарх дадал, хэвшлийг сайжруулах зорилт, үйл ажиллагаа, түүний үр дүн болон ганц бие залуучууд, аавуудад чиглэсэн бодлого, энэ талаарх салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа, жендэрийн тэгш байдлын тухай боловсролыг сургалтын ямар хөтөлбөр, хичээлээр олгож буй, багшлах боловсон хүчний хүрэлцээ, чадавх болон гэр бүл салалт, амиа хорлолтын учир шалтгааны талаарх тандан судалгаа, хорт зуршлаас хүн амыг хамгаалах, сэтгэл зүйн эрүүл мэндийг сайжруулах, хувь хүний хариуцлагыг дээшлүүлэх зэрэг олон асуудлыг хөндсөн юм.
Түүнчлэн хууль, бодлогын хэрэгжилтийг бүх шатанд хангах, иргэний нийгмийн байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллах, хүүхдийн хүмүүжил гэр бүл, эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэх, хүчийн тэгш бус байдлын талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөх, монгол гэр бүлийн бүтцэд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлсийг арилгах, хөдөлмөрийн үнэлгээ, цалин хөлсний тарифт гарч буй зөрүү, ялгааг арилгах, хүн ам зүйн бодлогыг шинэчлэх, үндэсний уламжлал соёл, дэвшилтэт хандлагыг өвлөн хөгжүүлэх зэрэг асуудлаар тодорхой байр суурь илэрхийлсэн юм.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэх шаардлагагүй гэж Хууль зүйн болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдаанаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.