Гишүүд асуулт асууж дууссаны дараа саналын зөрүүтэй томъёоллоор санал хураасан. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "ЭМ-ийн даатгалын асуудлыг Нийгмийн даатгалын асуудал болгож засч найруулах" санал гаргасан боловч 50:50 хувийн харьцаатайгаар уг санал дэмжигдээгүй юм.
хариуцлага хүлээх схем алдагдана
Харин Эрүүл мэндийн яаманд шилжүүлэх нь салбарын том урхалт болно гэж зарим гишүүд үзэж байсан юм. Тодруулбал Эрүүл мэнд яаманд тус санг шилжүүлснээр хяналт харин суларч, бүтээгдэхүүний чанарт үнэлгээ өгөх, хариуцлага хүлээх схем алдагдана гэж тэд үзсэн.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
Эрүүл мэндийн даатгалын салбарт өөрчлөлт оруулах хоёр чухал хуулийг өнгөрсөн парламентын үед баталсан. Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл мэндийн яамны харьяанд оруулж байгаа нь буруу тогтолцоо гэж бодож байна. Энэ бол маш том ухралт.
Эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаа гурван орчим сая хүн бий. Энэ бол тогтолцооны өөрчлөлт биш ухралт болж байна шүү. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг Эрүүл мэндийн сайд нь ахалж болно. Харин тэр бүтэц, санг нь Эрүүл мэндийн яамнаас тусдаа байлгах ёстой. Эрүүл мэнд, боловсролын салбарын төсөв өндөр байдаг ч үр ашигтай зарцуулах тал дээр шинэ бодлого баримтлах цаг болсон.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
Эрүүл мэндийн даатгалын сан, даатгалын шимтгэл төлсөн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээний хөнгөлөлт үзүүлдэг сан болохоос яамны үйл ажиллагааг дэмжих сан биш. Өмнөх парламентад санал гаргаад эрүүл мэндийн таатгалын санг зөв бодлогоор явуулъя гэж хуулийг өөрчилсөн.
Эрүүл мэндийн даатгалын санг самраад, дараа нь нөөц байхгүй, хөрөнгө мөнгө байхгүй, харуицлага хүлээх нь мэдэгдэхгүй болох нь. Эмч нарын цалин, эмнэлгүүдийн тоног төхөөрөмж, эмчилгээний зардлыг сайжруулах асуудал төрийн ажил. Эрүүл мэндийн яамны үйлчлүүлэгчдийн талд зогсож байх ёстой эрүүл мэндийн даатгалын санг үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлж байгаа яамны мэдэлд өгнө гэдэг гайхмаар. Бүтээгдэхүүний чанарт хэн үнэлгээ өгөх вэ? Гомдол саналыг хаана гаргах юм? Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын чиглэлээр хийж байгаа ухралт гэж би харж байна. 2016 оны МАН-ын мөрийн хөтөлбөрт Эрүүл мэндийн даатгалын санг бие даасан байгууллага болгоно гэж тусгасан байдаг шүү.