Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, Элчин сайдын яам болгох Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжиж шийдвэрлэсэн.
Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх шийдвэр, айлын талын зөвшөөрлийг үндэслэн Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьж, ийнхүү батлагдсан юм.
Бүгд Найрамдах Хиргис Улс (БНХирУ) — Дунд Ази дахь Тэнгэр уулын уулархаг нутагт оршдог бүрэн эрхт улс юм. Хойд талаараа Хасаг, баруун талаараа Узбек, урд талаараа Тажик, зүүн талаараа Хятад улстай хиллэдэг далайд гарцгүй орон. Нийслэл нь Бишкек.
Монгол Улс БНКУ-тай 1992 онд ДИПЛОМАТ ХАРИЛЦАА тогтоосон, уламжлалт найрсаг харилцаатай. Сүүлийн жилүүдэд Монгол, Киргизийн улс төрийн яриа хэлэлцээр идэвхжиж, харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байгаа. хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг зохицуулж байгаа 18 гэрээ, хэлэлцээр байдаг бөгөөд цаашид 10 орчим баримт бичгийг байгуулахаар ажиллаж байна. Улс төрийн хувьд ямар нэгэн маргаан, зөрчилтэй асуудал байхгүй бөгөөд
Манай улс Киргиз Улстай түүх, соёлын эртний гүн бат хэлхээ холбоотой. Монгол, Киргиз нь нүүдлийн соёл иргэншилтэй учир нүүдлийн мал аж ахуй, гэр ахуй, хувцас хэрэглэл, хоол хүнс гэх мэт аж ахуй, хэл, ёс заншлын адил төстэй олон нийтлэг зүйлтэй. Хоёр улсын дипломат, албан болон энгийн паспорттай иргэд харилцан визгүй зорчдог.
Манай улс 2014 онд Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо Ерөнхий консулын газрыг 4 хүний орон тоотойгоор нээн ажиллуулж эхэлсэн. Элчин сайдын яам болгосноор аливаа нэмэлт зардал гаргахгүй аж. Одоогийн байдлаар тус улсад 45 монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа юм байна.
Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр: УИХ-ын гишүүд Киргиз улсад ЭСЯ нээж ажиллуулснаар Манай улсад ямар ач холбогдолтой вэ? Эдийн засгийн талаасаа тооцоо судалгаа гаргасан уу? Улс орноо яаж сурталчлах гэж байна гэсэн олон зүйлийг тодруулж байсан.
Тухайлбал:УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
“Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо Консулын газар нээгээд 4 жил болсон байна. МУ-ын эдийн засагт ямар ач холбогдолтой ажил хийгдсэн бэ? Мөнгөний асуудал яригдаж байна. Гадаад худалдааг эдийн засагжуулж, үр ашигтай болгох талаар бодож, асуудалд бодитой хандах хэрэгтэй. Удахгүй хэдэн сарын дараа төсөв яригдана. Монгол улсад ашигтай гэрээ, хэлэлцээр юу байна вэ? Манай улс алдагдалтай төсөвтэй. Гадаад харилцааг эдийн засагжуулахад анхаарч хийгдсэн ажил байна уу? ЭСЯ-дууд өөрөө өөрсдийгөө санхүүжүүлээд явах хэрэгтэй” гэсэн саналыг хэлж байсан.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
“Гадаад худалдааны эргэлт 600-гаад ам.доллар байгаа гэсэн мэдээлэл байна. Ийм тоо байгаа бол ЭСЯ байгуулахад үр дүнгүй зардал болно. Эдийн засагжуулахыг нэг номерт тавь гэж хэлээгүй. Тусгаар тогтнол, язгуур эрх ашиг, Үндэсний аюулгүй байдал нэг номерт байх нь зөв. Гэхдээ эдийн засгаа тооцоолох хэрэгтэй” гэсэн саналыг хэлж байсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гишүүдийн асуултад хариулсан.
Өнөөдрийн байдлаар: Монгол Улсын 29 Элчин сайдын яам, 11 Ерөнхий консулын болон Консулын газар, 2 Байнгын төлөөлөгчийн газар, 1 Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байна.