Онцлох мэдээ8 мин унших
Олон нийтийн САНАЛ АСУУЛГА ба АРГА ЗҮЙН шүүмж

Сэтгүүлч batzaya
Одоохон...
Онцлох мэдээ8 мин унших

Сэтгүүлч batzaya

Энэхүү баримтыг социологийн шинжлэх ухааны үүднээс шинжлэхэд хэд хэдэн анхаарч үзвэл зохих зүйл ажиглагдав.
Нэгд, Энэ нь төр түшилцэж буй эрхмээс эхлээд дурын хүн бүр социологийн шинжлэх ухаан, судалгаа гэдгийг болсон болоогүй асуултын хэлхээс мэт ойлгодог болсныг харуулна. Гэвч МУ-ын Засгийн газар судалгааг хамгийн сайнаар мэдэж, ойлгодог гэдэгт эргэлзэх зүйлгүй байлтай.
Хоёрт, асуулгад оролцогчдын буруу байхгүй боловч өөрсдийн болон үр хүүхдийнхээ ирээдүйд хамааралтай маш чухал асуудлыг “судалгаа гэх” тодотголтой хоёрхон мессежид багтаан шийдэхэд оролцсон нь Монголчуудын эмгэнэл болсон.
Гуравт, тухайн үеийн Засгийн газар мэргэжлийн судлаач, эрдэмтдээс санал аваагүй, тодорхой шинжлэх ухаанд хэрэглэгддэг арга зүйг ашиглахын оронд “олон нийтийн мэдлэг, мэдээлэлгүй”, байдлыг шийдвэр гаргахдаа маш чадварлаг ашигласан юм.
Нэгд Улс орныг хамарсан санал асуулга, ялангуяа бодлого шийдвэртэй холбоотой асуудлаар олон нийтийн байр суурийг сонсох, үр дүнг нь шийдвэр гаргах хэмжээнд ашиглах гэж байгаа тохиолдолд судалгааны аргын хувьд “мессеж” ашигласан нь оновчгүй сонголт юм. Учир нь мессеж судалгаанд оролцох сонирхол, идэвх бага, судалгаанд оролцогч бүрийг нас болон нийгэмшил, сэтгэл зүйн хувьд төлөвшсөн гэж үзэх боломж бүрэн хангагддаггүй. Энэ хэрээр худал мэдээлэл өгөх магадлал өндөр байдаг. Мөн манай улсад нам, улс төрийн харъяаллаар хүчтэй хуваагддаг тул намын гишүүдийн нөлөөлөл орсон байх магадлал маш өндөр.
Хоёрт. Асуулт болон хариултын хувилбарыг судлаач хүн боловсруулсан бол маш том алдаа гаргасан гэж үзэж болно. Учир нь ямар ч судалгааны асуултыг боловсруулахдаа судалгаанд оролцогчдод “сонголт хийх, байр сууриа бодитой илэрхийлэх, зарим талаар хамгаалах” боломж олгож, үзэгдэл - үйл явцыг олон талаас нь үнэлж, дүгнэхийг чухалчилдаг. Гэтэл уг асуулга нь шууд тулгасан буюу захиалагчийн эрх ашигт нийцсэн үр дүн гаргахын төлөө ажилласан мэт харагдана. Үүнийг санаатайгаар ёс зүйн алдаа гаргасан гэж үзэж болно. Өөр тохиолдолд, судлаач мэдлэг, чадвар маш нимгэн, мэдрэмжгүй, эсвэл социологийн судалгааны талаар анхан шатны ойлголтгүй мэргэжлийн бус хүн байж гэж дүгнэж болно.
Гуравт. Хөгжил, ханш гэх ойлголтууд нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг, өргөн хүрээний агуулгатай. Энэ утгаар нэг удаагийн мессеж байтугай онолын суурь судалгааны хүрээнд гаргалгаа хийхэд бэрхшээлтэй.
Монгол улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё
Нэгдүгээрт. Сүлжээн дэх хэрэглэгчдийн нас болон нийгмийн бүтэц “тэнцвэртэй биш”. Идэвхтэй хэрэглэгчдийн ихэнх нь залуучууд, дээд боловсролтой хүмүүс, хотын оршин суугчид байдаг. Магадгүй асуулгад оролцож, саналаа өгөхийг үнэхээр хүсэж байгаа ч интернет хэрэглэж үзээгүй, хэрхэн хариулах талаар мэдэхгүй, бүр интернетэд холбогдох боломжгүй газар амьдардаг хүмүүс санал өгөх боломжгүй болно. Тэгэхлээр энэ нь нас болон статусын хувьд ялгаатай бүлгүүд, газар зүйн байршлын хувьд төв суурингаас алслагдмал газар амьдарч буй хүмүүсийн саналыг тэнцвэртэй илэрхийлэх боломжгүйг харуулж байна.
Хоёрдугаарт. Оролцогчдын нас, хүйс, нийгмийн “байр суурь болон үүрэг”-ийг үнэн зөв гэж итгэх, тодруулах боломж хязгаарлагдмал байдаг.
Гуравдугаарт. Онлайнаар судалгаа хийх үед судалгаанд оролцогчид нээлттэй, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх боломж олгодог ч бусдыг хуурах, ташаа мэдээлэл өгөх эрсдэлийг давхар агуулдаг. Энэ нь бас төлөөлөх чадварыг бууруулах эрсдлийг бий болгодог. Жишээлбэл, нэг удаагийн судалгаанд нэг респондент өөр өөр нэрээр оролцсоноор судалгаанд итгэх итгэл, төлөөлөх чадварыг бууруулдаг. Энэ удаагийн асуулгад гэхэд оролцогчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, ажлын газрын мэдээлэл, засаг захиргааны харъяалал, интернет хамгаалалт (CAPTCHA) оруулж өгсөн ч нэг эх үүсвэрээс хэдэн ч хүн санал өгч болохоор байна. Магадгүй “хувь хүний дэлгэрэнгүй бүртгэлтэй ойр ажилладаг” банк санхүүгийн байгууллагын ажилтан, нам эвсэл, нутгийн удирдлагын байгууллагуудад ажиллаж буй мэргэжилтэн г.м төлөөллүүд үүнийг буруугаар ашиглаж, бусдын өмнөөс санал өгөх бүрэн боломжтой. Эдгээр онцлогоос үүдэн судалгааны үр дүнг “олон нийтийн байр суурь гэж зарлах” нь тохиромжтой биш байх талтай.
Дөрөвдүгээрт. Мэдээлэл нэгтгэх программд гарын тохиргоо (крилл, латин г.м) хийгдээгүй тохиолдолд нэг хүн дор хаяж хоёр удаа санал өгөх боломжтой байгаа нь асуулгын үр дүнд итгэх итгэлийг мөн бууруулна. Технологи ашиглаж асуулга явуулах тохиолдолд том жижиг үсэг, цэг таслал, зай авах гээд маш олон тэмдэгтүүдийг ашиглаж нэг хүн өөр өөрөөр санал өгөх бололцоотой байдаг. Цаашлаад мэдээллийн үр дүнг боловсруулахад цаг хугацаа их шаардагдана. Иймээс санал нэгтгэж буй программд интернетэд холбогдож буй төхөөрөмжийн IP хаягаар, эсвэл гарын тохируулгыг маш тодорхой оруулж өгөх г.м-ээр зарим нэг хязгаарлалтуудыг тавьж өгснөөр зарим нэг алдаа гарахаас сэргийлэх боломжтой.
Тавдугаарт. Судалгаанд нээлттэй асуулт ихээр оруулах нь оролцогчдыг залхаадаг. Үүнээс үүдэн респондент асуулгад бүрэн хариулалгүй орхих, эсвэл асуулгад оролцохоос татгалзах тохиолдол их гардаг.
Зургаадугаарт. Судалгааны үнэн бодит байдлыг хангахын тулд овог, нэр, ажил албан тушаал г.м мэдээллийг оруулах нь илүү үр дүнтэй байж болох ч өмнө дурдсанчлан мөн л асуулгад оролцохоос татгалзах бас нэг шалтгаан болно.
Долоодугаарт. Программчлалын хувьд “мэдээлэл хүлээн авах программ” бүрэн гүйцэд мэдээлэл хүлээн авахаар тооцоологдсон бол оролцогчдын дутуу бөглөсөн мэдээллийг хүлээж авахгүй. Энэ нь асуулгын хамрах хүрээ хумигдах шалтгаан болно.
Наймдугаарт Судалгааны танилцуулга хэсэг товч тодорхой, ойлгомжтой, нэг талыг баримталсан байхаас зайлсхийдэг атал эдгээр зарчмыг баримтлаагүй байгаа нь арга зүйн хувьд буруу болохоос гадна өөрт хэрэгтэй дэмжлэгийг авахад чиглэсэн мэт дүр зураг ажиглагдаж байна. Мөн судалгаа хэрэгжүүлэгчдийн статус хийгээд мэргэжлийн ёс зүйн хувьд ч шүүмжилж болохоор байна.
Есдүгээрт. Судалгааны үндсэн асуулт болох АТГ-ын дарга, дэд даргыг сонгох асуултад “овог, нэр, албан тушаал”-ыг нь тодруулах нээлттэй асуулт оруулсан нь мөн л тохиромжгүй. Учир нь асуулгад оролцогчид улс төрчдийн талаар бүрэн дүүрэн мэдээлэлтэй байх нь бага байдаг тул бүрэн хариулт өгч чадахгүй байх, эсвэл дутуу, ойлгомжгүй, зарим тохиолдолд бүр худал мэдээлэл өгч болох эрсдэлтэй. Цаасаар судалгаа хийх явцад ч ийм тохиолдол олон гардаг. Гэхдээ онлайнаар асуулга явуулж буй энэ тохиолдолд өөрийн санал болгох хүний талаарх мэдээллийг интернетээс хайж үнэн зөв, бүрэн мэдээлэл оруулах бололцоотой тул судалгаанд оролцогчид энэ боломжийг бас ашиглаж болно.
Судлаачийн ур чадвар, мэдрэмж дутаж, эсвэл мэргэжлийн ёс зүйг баримтлаагүйн улмаассудалгаанд оролцогчийн зүгээс “байдаг л асуулга” мэтээр хандаж, ялангуяа төр шийдвэр гаргахын тулд, мөн технологи ашиглаж асуулга явуулж байгаа эдгээр тохиолдолд үл хайхарсан байдлаар хүлээн авч, оролцсон тохиолдолд бидний хүсээгүй үр дүн гарах эрсдэлтэй байдаг. Бүр цаашилбал судалгааны үр дүнд үндэслэн гаргаж буй шийдвэрээс улбаатай гарах эрсдэл нь өргөн цар хүрээтэй байж, үр дагаврыг нь эргэж засах боломж олдохгүй тийм нөхцөлд хүрч болно. Эцэст нь социологийн судалгааны ажилд судлаач судлаж буй асуудал, цаг хугацаа, судалгаанд хэрэглэх арга, хамрах хүрээ зэргийг арга зүйн түвшинд хэрхэн тогтох, судалгаанд оролцогчдын зүгээс ямар зорилготой, ямар асуулттай судалгаанд оролцоод байна вэ гэдэгт маш нухацтай, ач холбогдол өгч хандах шаардлагатай гэдгийг тэмдэглье.