Онцлох мэдээ2 мин унших
Нефтийн үйлдвэрийн ажилчдын хотхон барихад НӨАТ-аас чөлөөлнө
Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.25/ нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Хуулийн төсөлд, Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхон барихад шаардагдах бараа, материалыг НӨАТ-аас чөлөөлөхөөр тусгажээ.
Хуулийн төслийн танилцуулгийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа.
Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн төслийн нийт төсөвт өртгөөс хэмнэсэн хөрөнгөөр газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх юм. “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны дөрөв дүгээр сарын 3-ны 129 дүгээр тогтоолоор хотхоны бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэсэн бөгөөд шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулсан байна.
Сэтгүүлч Munkhjargal


