Үйл явдал2 мин унших
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы Төсвийн байнгын хорооны анхны хуралдаан өнөөдөр (2020.04.07) 11 цаг 20 минутад эхэлж, найман асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Хууль, тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулсан.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 199 дүгээр тогтоолын дагуу 2014-2018 онд 32 удаагийн лицензээр 10 толгой цэвэр үүлдрийн адуу, 945 толгой үржлийн бусад адуу экспортолж, улсын төсөвт 142.6 сая төгрөг төвлөрүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд үржлийнхээс бусад малыг гадаадад гаргахад тусгай зөвшөөрөл, лиценз шаарддаггүй, дан ганц экспортын мэдэгдлээр гаргадаг байсан нь үржлийн малыг гаргах эрсдэлийг дагуулжээ. Түүнчлэн сүүлийн үед шинжлэх ухаан хурдацтай хөгжиж малын эд, эсээс өсгөвөрлөн, тухайн малыг гаргаж авах боломжтой болж байгаа нь зөвхөн үржлийн төдийгүй үржлийнхээс бусад мал, малын үржүүлгийн бүтээгдэхүүнийг төрийн хяналттайгаар гадаадад гаргах шаардлагыг улам бүр нэмэгдүүлж байгаа ба үүнийг лиценз олгох замаар хэрэгжүүлэх боломжтой болжээ. Мал, түүний үржүүлгийн бүтээгдэхүүнийг хяналтгүйгээр гадаадад гаргах нь хэтдээ монгол малын удмын сан алдагдахад хүргэж, эдийн засаг, нийгмийн эрх ашигт хохирол учруулж болзошгүй тул уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба







