Үйл явдал5 мин унших
Санхүүжилт, зээлийн хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы Төсвийн байнгын хорооны анхны хуралдаан өнөөдөр (2020.04.07) 11 цаг 20 минутад эхэлж, найман асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Монгол Улсад COVID-19-аас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангахтай холбоотойгоор Засгийн газраас зээл, санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр болсныг гишүүдэд мэдэгдэн, хуралдааны цагийг сунгалаа.
Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Монгол Улсад COVID-19-аас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” Зээлийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Тогтвортой амьжиргаа-3” төслийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулсан.
Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Монгол Улсад COVID-19-аас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл нь Монгол Улсын эмнэлгийн тусламж үйлчилгээг, чанартай, шуурхай хүргэхэд тусгайлан бэлтгэсэн эмнэлгийг бүх шатанд бэлтгэхэд чиглэжээ. Энэ ажлын хүрээнд нийслэлийн 3 эмнэлэг, есөн дүүргийн нэгдсэн эмнэлэг, орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, 1000 ортой эмнэлэг дэлгэн ажиллуулах зайлшгүй хэрэгцээтэй тулгарсан байна.
Шинэ коронавирустай тэмцэхэд зориулж Дэлхийн банкнаас шаардлагатай орнуудад нийтдээ 14 тэрбум ам. долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд манай улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх 26.9 сая ам долларын өртөг бүхий “Монгол Улсад COVID-19-аас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг хэрэгжүүлж, санхүүжилтийн хэлэлцээрийг Дэлхийн банктай байгуулахаар болжээ. Санхүүжилтийн 13.1 сая ам.долларыг Олон улсын хөгжлийн ассоциациас олгох бөгөөд зээлийн хүү 1.25, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 тус тус байх аж. Харин үлдсэн 13.8 сая ам.долларыг Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох болсныг танилцуулгад дурджээ.
Харин Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн танилцуулгад, Монгол Улсад хотын төвлөрсөн дулаан хангамжийн систем нь анх 1959 онд үүсгэн байгуулагдаж 61 дэх жилдээ ашиглагдаж байгаа, дулаан цахилгаан хослон үйлдвэрлэдэг 3-н станц (ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4), дулааны 1 станц (Амгалан дулааны станц)-д үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчээр хэрэглэгчдийг хангаж байна. Дулааны эрчим хүчний эрэлт жилд 5- 8 хувиар тогтмол нэмэгдэж байгаатай холбогдуулан одоо байгаа шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй болж хүчин чадлын дутагдалд орсноос гадна нийт шугам тоноглолын 40 хувийнх нь ашиглалтын хугацаа 20-30 жилээр хэтэрч гэмтэл саатал ихээр гарч дулаан хангамжийн тасралтгүй, найдвартай байдлыг алдагдуулж байгааг дурдсан байна.
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба







