Үйл явдал4 мин унших
Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн барив

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал4 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаНийгмийн даатгалын багц хуулийг 1994 онд баталж 1995 оноос мөрдөж эхэлжснээр хөдөлмөрийн насны бүх иргэн нийгмийн даатгалын харилцаанд шимтгэл төлж оролцох, үүнд ажил олгогч, төр тодорхой хэмжээгээр хамтран шимтгэл төлөх харилцааг зохицуулсан. Өнгөрсөн хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуульд 23, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх шимтгэл ногдуулах болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тодорхойлох эрх зүйн орчныг бүрдүүлэх, тэтгэвэр бодох жишиг цалинг тогтоох, тэтгэвэр тогтоолгоход баримталсан хөдөлмөрийн хөлснийг нэг удаа өөрчлөх боломжийг тэтгэвэр авагчид олгох зэрэг ажил олгогч, тэтгэвэр авагч, даатгуулагчийн эрх ашигт нийцсэн олон арга хэмжээг хуульчлан хэрэгжүүлсэн боловч тогтолцооны хувьд дорвитой шинэчлэл болоогүй байна.
Хүн амын дундаж наслалт 2015 оны байдлаар 69.9 (эрэгтэй 66.02, эмэгтэй 75.8)-д хүрч, 2006 оны түвшинтэй харьцуулахад 4 насаар нэмэгджээ. Нийт хүн амд ахмад настны эзлэх хувийн жин 2016 оны байдлаар 8.2 байгаа бол 2040 онд энэ үзүүлэлт 20 орчим хувьд хүрэхээр байна. Түүнчлэн 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд 4 хүн, 2020 он гэхэд 5 хүн, 2040 онд 8 хүн болох урьдчилсан тооцоололтой байна.

Монгол Улсын дундаж цалингийн хэмжээ 2016 оны эцсийн байдлаар 942.02 мянган төгрөг байсан бол өндөр насны бүрэн тэтгэврийн дундаж хэмжээ 325 мянган төгрөг байгаа нь дээрх цалингийн хэмжээтэй харьцуулахад 34.5 хувь болж байна. Энэ үзүүлэлт хамгийн багадаа 40 хувиас багагүй байх ёстой ба энэ хэмжээнд хүргэх санхүүгийн нөхцөл эдийн засгийн боломж бүрдэхгүй байгаа аж.
Иймд даатгуулагчийн олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Олон улсын түвшинд ихэнх улс орон хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог улсын тэтгэврийн тогтолцооны нэмэлт байдлаар нэвтрүүлсэн байдаг ба хөрөнгийн зах зээлийн хамгийн том хөрөнгө оруулагч нь хувийн тэтгэврийн сангууд, даатгалын компаниуд байдаг байна. Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах судалгаагаар хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог амжилттай хэрэгжүүлсэн 7 улсын туршлагыг нарийвчлан судалж үзэхэд хувийн тэтгэврийн нэмэлт хуримтлал бүрдүүлэх асуудлыг төрийн зүгээс дэмжих нь оновчтой шийдэл болдог аж.

Эдгээр санд холбогдох төрийн байгууллагаас зөвшөөрөл олгоогүй, тогтмол хяналт шалгалт хийдэггүй, засаглалын зохистой байдлыг хангасан эсэх нь тодорхой бус, үйл ажиллагаа санхүүгийн тайлан мэдээлэл нь гишүүд, олон нийтэд ил тод бус зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлууд байгаа юм байна. Эдгээр харилцааг одоогийн нийгмийн даатгалын багц хуулиар зохицуулах боломжгүй тул тусдаа хууль тогтоомжоор зохицуулах шаардлагатайтай хэмээн үзжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Хувийн тэтгэврийн хуримтлал бүрдүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, эрсдлээс урьдчилан сэргийлэх, төлбөрийн чадварыг хангах нөхцөл бүрдэнэ. Иргэн ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, хангалттай орлогын эх үүсвэртэй байх боломж бүрдэнэ. Санхүү, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх урт хугацааны сан бий болох, хувийн тэтгэврийн сангууд бий болсноор санхүүгийн салбарт шинээр ажлын байр бий болох зэрэг ач холбогдолтой.