Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Бодлогын баримт бичгүүдэд тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, тандан судалгаанд тусгагдсан хэрэгцээ, шаардлагад үндэслэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, төслийг боловсруулсан байна.
Ломбардууд татвараа шударгаар төлдөггүй, олон төрлийн үйл ажиллагааг эрхэлдэг төдийгүй үйл ажиллагаанаас олсон орлого нь тодорхойгүй, орлого нь холилдсон байдаг. Энэ нөхцөл нь мөнгө угаах эрсдэлт орчин болохын зэрэгцээ далд эдийн засаг үүсгэх эрсдэлийг тооцож барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны нэгдсэн бүртгэлийн сан үүсгэх шаардлагтай хэмээн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ. Төслийн танилцуулгад барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчид буюу ломбардуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар мэдээлсэн.
Үүнд, ломбардууд барьцааны эд зүйлийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур (50-80 хувь) үнэлж авдаг, зээлийн хугацаа дуусмагц нэг удаа сануулах зурвас илгээдэг байна. Ингээд дараагийн өдрөөс үл маргах журмаар барьцааны эд зүйлийг худалдан борлуулж, ломбардны орлого болгох талаар гэрээнд тусгадаг аж. Мөн иргэн зээлийн гэрээний хугацаанаас өмнө эд зүйлээ авсан ч тухайн зээлийн гэрээнд заасан хоногоор хүү тооцож, төлөх талаар гэрээнд тусгадаг байна.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2015 онд “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоолыг баталсан. Уг тогтоолд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг санхүүгийн үйлчилгээний төрөлд хамааруулж, тусгай зөвшөөрлийн механизмыг бий болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих субьект, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, харилцааг зохицуулах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон байна.
Иргэнд олгох зээлийн үйл ажиллагааны нэгдсэн бүртгэл, хяналт, стандарт байхгүй, улсын төсөвт тус зээлийн үйл ажиллагаанаас олсон орлогоос татвар төлсөн тохиолдол байхгүй, хэт өндөр хүү, алданги тооцож, гэрээ байгуулны шимтгэл, хураамж авдаг.
Х.Нямбаатар сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар, С.Бямбацогт нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 11 нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.
Эх сурвалж: