УИХ-аар 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системд нөлөө бүхий банкууд 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөрт багтан олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар зохицуулсан.
Харин дээрх хуулийн төсөлд энэ хугацааг нэг жилээр хойшлуулахаар тусгасан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хугацааг сунгасан үндэслэлийн талаар тодруулж байлаа. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн тайлбарласнаар, Системийн нөлөө бүхий таван банкийг нээлттэй хувьцаат компани болгохоор хуулийн зохицуулалт үйлчилж эхэлсэн бөгөөд системийн банкнууд нээлттэй хувьцаат компани болгох бизнес төлөвлөгөө, бичиг баримтуудаа Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэн зөвшөөрлөө аваад явж байгаа аж.
Түүнчлэн УИХ-ын гишүүд төв банкнаас арилжааны банкнуудад тавих хяналт, валютын ханшийн өсөлт, зээлийн хэмжээ, чанарын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар төслийн 2 дугаар зүйлийг хасах гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.
Эх сурвалж: