Хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2025-2027 онд алдагдалгүй байхаар, нэгдсэн төсвийн суурь тэнцлийг 2025 онд ДНБ-ий 3.5 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай, 2026-2027 онд ДНБ-ий 2 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай байхаар тооцож тусгажээ. Инфляц 2023 оны эцэст 7.9 хувь байсан бол энэ оны 10 дугаар сарын байдлаар 7 хувь байгаа аж. Засгийн газар төсвийн хүрээний мэдэгдэлд 2025 оны жилийн дундаж инфляцыг 7.5 хувь гэж тооцож байсан бол төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж байгаатай уялдуулан 2025 оны дундаж инфляцыг өмнөх төсөөллөөс 0.3 нэгж хувиар бууруулж 7.2 хувь байхаар тооцон, хуулийн төсөлд тусгасан байна.
Уул уурхайн салбар энэ оны эхний 3 улирлын байдлаар 11.4 хувиар өссөн байна. Энэ онд уул уурхайн салбарт ашиглагддаг хүнд машин механизмуудын импорт өмнөх оноос 2 дахин, ачааны тээврийн хэрэгсэл 85 хувиар тус тус өссөн зэрэг нөлөөгөөр 2025 онд уул уурхай болон тээврийн салбар өндөр өсөлттэй байх магадлалыг дурдсан. Худалдаа, үйлчилгээний салбар 2024 оны эхний 3 улиралд 8.8 хувиар өссөн байна. Тус салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн тоо 6.2 хувиар, хөдөлмөр эрхлэлт 13 хувиар, зээл олголт 47 хувиар тус тус өссөн нь ирэх онд үйлчилгээний салбарын өсөлт тогтвортой хадгалагдах нөхцөлийг бүрдүүлжээ.