Үйл явдал4 мин унших
Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2024.12.09/ Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслүүдийн талаар танилцуулав. Тэрбээр, Улсын Их Хурал Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хэлэлцэн баталсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадаад зах зээлийн тогтворгүй байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдэн 2025 оны төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай гэсэн үндэслэлээр 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан. Улмаар Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хүлээн авч “алдагдалгүй төсөв батлах” чиглэл өгсний дагуу Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг шинэчлэн боловсруулж, дахин өргөн барьсан гээд төсвийн төсөлд зардлыг бууруулахад баримталсан зарчмыг танилцууллаа. Тухайлбал, нэгдсэн төсвийн нийт орлогын төсвийн хөрөнгө оруулалт, зарлагын бууралттай холбогдуулан 394.8 тэрбум төгрөгөөр буурахаар тооцсон байна. Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийн ашигтай болохоор байгаа ажээ. Түүний дараа 2025 оны нэгдсэн Төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням танилцуулав.
Тэрбээр, аудитын зорилго нь Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангасан эсэх, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх зорилтод нийцсэн эсэхийг хянаж, дүгнэхэд чиглэсэн. Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 33,470.0 /гучин гурван их наяд, дөрвөн зуун далан/ тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нэгдсэн төсвийн суурь тэнцлийг 3,173.4/ гурван их наяд, нэг зуун далан гурав, аравны дөрөв/ тэрбум төгрөгийн ашигтай буюу ДНБ-ий 3.3 хувь, тэнцвэржүүлсэн тэнцлийг алдагдалгүй байхаар тус тус төлөвлөжээ гэлээ.
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба







