Тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа чиглүүлж, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Б.Мөнхсоёл, Р.Батболд, Х.Баасанжаргал, А.Ундраа нар оролцлоо.
Цаашид жендэрийн тэгш бус байдлыг арилгахын тулд хуулийн хэрэгжилтийг сайжруулах, техникийн болоод санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэх, жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх, ажлын байранд дэмжих тогтолцоог бүрдүүлэх, улмаар эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн оролцоо, манлайллыг хангах асуудалд илүү анхаарах хэрэгтэй байна гэлээ.
Энэхүү хэлэлцүүлэг нь жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын ач холбогдол, үр нөлөөг таниулах, оролцогч талуудыг нэг мөр ойлголт, зорилгод нэгтгэх, үйлдэлд уриалах, сайн туршлагыг түгээх, тус бодлогыг хэрэгжүүлэхэд олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Мөн “Эм Эм Си Жи” ХХК-ийн Судалгаа Хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн, “ТЭСО” группын Хүний нөөц, удирдлагын газрын захирал Б.Болормаа нар “Жендэрийн мэдрэмжтэй байгууллагын соёл, ажлын орчин”, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Ерөнхий зохицуулалтын газрын дарга Э.Энхжаргал, “Говь" ХК-ийн Комплайнсын газрын захирал Б.Чингүүн нар “Ажлын байрны дарамтаас урьдчилан сэргийлэх, дарамт ялгаварлан гадуурхалтаас ангид орчин бүрдүүлэх”, сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.
Хэлэлцүүлэгт 21 аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, холбогдох албан тушаалтан болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, холбогдох албан тушаалтан нийт 145 хүн оролцсон бөгөөд хэлэлцүүлгийг хааж УИХ-ын гишүүн А.Ундраа үг хэллээ. Тэрбээр, олон чухал сэдвээр ярилцсан үр дүнтэй хэлэлцүүлэг болсныг цохон тэмдэглээд, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг онцолж, жил болгон барилга байгууламжид урсгал засвар хийдэг шиг байгууллагын орчин нөхцөлийг сайжруулж, хүний тав тух, аюулгүй байдлыг хангах нь чухал гэлээ. Мөн жендэрийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтэн, судлаач, нийт оролцогчдод талархаж байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж: