Баянхонгор аймгийн удирдлагууд өөрсдийн танилуудаа албан тушаалд томилж байна, тухайн бүс нутагт олборлолт хийхдээ иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэхгүй, хууль бусаар зөвшөөрөл олгодог, өвлийн улиралд Улаанбаатар хотын дараа орохуйц хэмжээний утаагаар амьсгалж эрүүл мэндээрээ хохирч байна гэх мэт иргэдийн санал гомдлууд хөвөрнө. Мэдээлэл ил тод бусаас үүдэж асуудал гаарчээ.
"Иргэн та Хүч" залуусын нэгдэл Баянхонгор аймгийн иргэдийн санал гомдолд үндэслэн иргэний эрхээ эдлэхэд нь тусламж үзүүлж, тус аймагт тулгамдаж буй хэд хэдэн асуудлаар Ерөнхий Хяналтын Сонсгол (ЕХС) хийх санаачилгыг дэвшүүлж 800 иргэний гарын үсэг бүхий шаардлагыг боловсруулан ИТХ-д хүргүүлсэн билээ. Улмаар өнгөрөгч 3 дугаар сард тус аймгийн ИТХ-ээс уг санаачилгыг дэмжиж ажлын хэсэг гарган энэ ондоо багтаан хийхээр шийдвэрлэсэн юм.
Тус Ерөнхий Хяналтын сонсгол нь 3 удаа хийгдэх бөгөөд дараах сэдвүүдийг хөндөнө.
2025.06.16-нд “Баянхонгор аймгийн хэмжээнд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын олборлолт ил тод байдал, гэрээний хэрэгжилт, үр дүнд хяналт”-ын ерөнхий хяналтын сонсгол.
2025.09.10-нд “Утаа, агаарын бохирдол”-ийн хяналтын сонсгол.
2025.11.05-нд Баянхонгор сумд олгогдсон өрхийн хэрэглээний 0.07 га газар, инженер шугамд холбогдсон газар олголтын ил тод байдал”-ын ерөнхий хяналтын сонсгол болно.
Өнөөдрийн байдлаар эхний сонсгол буюу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын олборлолт ил тод байдал, гэрээний хэрэгжилт, үр дүнд хяналтын ЕХС-ын бэлтгэл ажлын хүрээнд холбогдох төрийн байгууллагууд, иргэд, төрийн бус байгууллагын 70 гаруй төлөөлөл, уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг 103 аж ахуйн нэгжээс 24 төлөөлөл оролцсон урьдчилсан хэлэлцүүлгийг зохион байгуулаад байна.
Аймгийн хэмжээнд ашиглалтын 103, хайгуулын 39, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл -1, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл -3 тус тус олгогдсон байдаг. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд уул уурхайн салбарт 2313 хүн ажиллаж байгаагийн 850 нь орон нутгийнх аж.
Эх сурвалж: