Үйл явдал1 мин унших
Баацагаан сумын иргэд малын эмчийн хүрэлцээ, ахмадын нийгмийн асуудал, усалгааны системийн талаар саналаа илэрхийллээ

Одоохон...
Үйл явдал1 мин унших

“Ардын нам – Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн ажлын хэсэг Баянхонгор аймгийн Баацагаан суманд ажиллаж, орон нутгийн иргэд, намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр иргэд хөдөө, орон нутагт малын эмчийн хүрэлцээ дутагдалтай байгаа асуудлыг онцгойлон хөндлөө. Баацагаан суманд 399 мянган толгой малд нэг малын эмч ажиллаж байгаа нь мал эмнэлгийн үйлчилгээний хүртээмж, чанарт хүндрэл үүсгэж байгааг иргэд хэлж байв.
Мөн ахмад настнуудын эмийн үнэ өндөр, тэтгэврийн орлого амьжиргаанд хүрэлцээ муутай, эмнэлэг, сувиллын үйлчилгээнд хамрагдах боломж хязгаарлагдмал байгаа талаар санал бодлоо илэрхийллээ.
Түүнчлэн залуусыг нутагтаа ажиллаж, амьдрах нөхцөлөөр хангах, ажлын байр, орон сууц, нийгмийн дэд бүтцийг сайжруулах нь хөдөөгийн хөгжлийн чухал асуудал гэдгийг онцоллоо.

Иргэдийн зүгээс Хөх эргийн усалгааны системийг сэргээж, засварлан ашиглалтад оруулбал хүнсний ногоо тариалах, аймаг, орон нутгаа дотоодын ногоогоор хангах боломж бий гэдгийг хэлж байв.
Баацагаан сумын иргэдийн санал, хүсэлтийг анхааралтай сонсож, малын эмчийн хүрэлцээ, ахмад настнуудын нийгмийн хамгаалал, залуучуудын орон нутагт ажиллаж амьдрах нөхцөл, усалгааны системийн асуудлыг холбогдох түвшинд уламжлан ажиллах болно.