Үйл явдал3 мин унших
ДЭВИД КАМЕРОНТОЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ БУЮУ АРВАН САЯ ФАУНДЫН АМЛАЛТ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Фиона Блайт, Боловсролын сайд П.Наранбаяртай уулзаж “Монгол Улсын боловсролын салбарыг хөгжүүлэхэд оролцож, Англи хэлний багш нарын чадавхыг хөгжүүлэн, Англи хэлийг өндөр түвшинд заахад нь дэмжлэг үзүүлж, Монголын өнцөг булан бүрд буй сурагчдад хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ илэрхийлэв.
Уг үйл явдалтай холбогдогдуулан хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг эргэн санаж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан дараах дурсамжаа хуваалцав.
Тэрбээр "Английн ерөнхий сайд асан Дэвид Камерон Гадаад хэргийн сайдын хувиар 2024 оны хавар Монголд айлчилсан юм.
Энэхүү айлчлал нь манай улсын хувьд, тэр тусмаа манай боловсролын салбарын хувьд аманд орсон шар тос байсан гэж хэлж болно. Бид түүнийг нийслэлийн 23-р сургууль дээр хүлээн авахдаа боловсролын сайдын хувиар ганцаарчилсан уулзалт хийсэн. Мэдээж их гүрний Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний зангараг, яриа хэлэлцээрийн арга маневр нь үнэхээр супер байсан.

Ихэнхдээ өөрөө асуугаад, өөрөө ярьчихдаг улс төрийн лидер гэдэг нь шууд мэдрэгдэнэ. Энэ нь ч надад амар санагдав. Танай улс Английн боловсролын салбар томоохон компаниудтайгаа хамтарч ажилладаг юм бна.Их олзуурхлаа. Cambridge, Pearson, THE, AQA... гэх мэт. AQA гэдэг бол Английн боловсролын үнэлгээний компани. AQA-гийн тамгатай элсэлтийн болон анги дэвших шалгалтын дүн бол Англичуудын хамгийн том айдас юм гэж тэрээр хошигнож амжив.
Мөн тэрээр “Хоёр том гүрний дунд оршдог, пост социалист орны хувьд англи хэлийг орос хэлний оронд үндсэн гадаад хэл гэж хуульчлах амаргүй байсныг гадарлаж байна” гэж их л дипломат маягаар биднийг үнэлээд, “Таны өмнө тулгамдаж байгаа олон асуудал байгаа. Гэхдээ та өөрийн чухлын эрэмбээр хэлээч” гэсэн асуултыг надад тавьсан.
“Бид саяхан PISA гийн үнэлгээнд хамрагдсан. Хот, хөдөөгийн болон төрийн, хувийн сургуулийн ялгаа их болсон нь энэ үнэлгээгээр ил боллоо. Тийм учраас миний мөрөөдөл, хүсэл бол төрийн өмчийн сургуулиудаа бүгдийг нь кэмбрижийн стандартад хүргэх” гэж би хэлэв. Мөн “бид сүүлийн хоёр жил танай pearson-тэй хамтарч, англи хэлийг 3-р ангиас эхлүүлж, англи хэлний хичээлийн агуулга, стандарт, үнэлгээг pearson платформ руу шилжүүлж байгаа юм.
Энэ нь төрийн өмчийн сургуулиудын хувьд санхүүгийн том ачаалал болж байна...” гэх зэргээр зовлон тоочив. Тэрээр, “Та бүхэн манай British council болон Pearson боловсролын компаниудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ гэвэл бид танай англи хэлний боловсролд 10 сая паундыг ирэх 3 жилд зарцуулъя” гэж шуудхан л хэлж байна. Нэмээд “Английн Засгийн газрын Chevening хөтөлбөрийн тоог хоёр дахин нэмж болж байна” гэж амлав.
Аливаа хандивлагч улсын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг дагалдаж тухайн улсынхаа бүтээгдэхүүн, үйлчилгээний дэмжлэг явдаг нь гадаад харилцааны болон худалдааны бичигдээгүй ил тод дүрэм юм. Гагцхүү бид өөрсдөө л сайн хэлэлцээр хийж, Монголдоо ихийг авч үлдэх нь дипломат гэх юмуу наймааны ур ухаан, ов, басхүү эх оронч үйлдэл болно. Өгдөг нь гэдийж, авдаг нь тонгойдог хорвоогийн үнэнээс хаана ч зайлж чадахгүй.
Боловсролын салбарт, тэр тусмаа англи хэлний боловсролд 10 сая паунд “зулгаана” гэдэг тийм амархан боорцог бас биш ээ. Чамлахаар чанга атга гэдэг дээ. Хэлтэй бол хөлтэй ертөнцөд Монголчууд бид адилхан хөлхмөөр л байна" гэв.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


