Нийтлэл4 мин унших
Дундговь аймаг Айрагны баярын зохион байгуулалтын шинэ түвшинг тогтоов

Хултай айраг барьж ая дууны дугараа барьдаг ёсыг нүүдэлчин монголоос өөр хаана ч харах боломжгүй.
Тиймдээ ч гүүний үрс гаргах зан үйл, Гүү барих зан үйл, Унага тавих зан үйл, Айраг, сархдын холбогдолтой зан үйлийг 2013 онд “Монгол улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл”-д оруулсан байдаг.
Айраг исгэх нь өөрөө монгол ахуйд хийгддэг маш нарийн үйл явц бөгөөд соёл, өв болтлоо хөгжиж өнөөдрийг хүрсэн юм. Энэ өвийг үеийн үед хадгалж, хамгаалж, дэлгэрүүлэх нь соёлоор дамжуулж монгол дархлааг бататгаж буй хэрэг юм.

Дуу хуурын өлгий нутаг Дундговь гэж дуртай нь ч хэлчхээгүй юм. Урлагийн салбарт, тэр дундаа дууны салбарын мастерууд эндээс төржээ. Агуу Н.Норовбанзадаас эхлэн Ж.Дүнжмаа өнөө цагийн халааг залгуулж яваа С.Цогтсайхан, Ц.Чулуунцэцэг гавьяатуудыг оролцуулан уртаас урт дараалал үүснэ. Айрагны соёлын нөлөөгөөр олон сайхан алдартнууд Дундговиос төрсөн хэмээн үздэг, тэд гэрчилдэг.

Айраг, цаашлаад цагаан идээг нийслэлчүүддээ хүргэх, малчдынхаа бодит орлогыг нэмэгдүүлэх, нөгөөтэйгүүр дуу хуурын өлгий нутаг гэдэг “нэрийн хуудсаа” түмэнд батлан, алдаршуулах зорилгоор уг арга хэмжээг Дундговь аймгийн Нутгийн зөвлөл 2025 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат уг арга хэмжээг дэмжиж, нээлтийн арга хэмжээнд оролцлоо.
Тэрбээр “Улаанбаатар ажиллаж, амьдардаг Дундговьчууд болоод айрганд дуртай түмэн олон 3 өдрийн турш айрагдаж, уулзаж учрах боломжийг олгож буй баярт үйл явдал болж байна. Энэ арга хэмжээг 2014 оноос Говийн шим төслийн санаачлагч Х.Ганбаатар маань өнөөдрийг хүртэл зохион байгуулж ирсэнд маш их талархдаг. Энэ мөчөөс эхлэн илүү өргөн цар хүрээтэйгээр Аймгийн нутгийн зөвлөл зохион байгуулахаар болж байна. Бидний зорилго юун түрүүнд Дундговь аймаг, говийн бүс нутгийн малчдын өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэхийн тулд цагаан идээгээ боловсруулж чадаж байгаа хүмүүсийн органик хүнсээр нийслэлчүүдийг хангадаг болох юм. Мөн өвлийн идэшний захиалгыг энэ үеэр авч байгаагаараа онцлог болж байна" гэв.
Айраг литр нь 10 мянга, амсаад үзээрэй…
гэх нүдэнд дулаахан инээмсэглэл, цовоо сэргэлэн дуу хоолойд шууд татагдав. Энэ бүсгүйг Зоригтын Пагмадулам гэдэг. Аймагтаа айрагны худалдаа эрхлээд 4 жил болж байгаа бөгөөд анх удаа үзэсгэлэнд оролцож байгаа нь энэ аж. Түүний бизнесийн ухаан чамгүй шүү. Орчин цагт худалдан авагчид сав баглаа, боодлыг их хардаг, тухайн бүтээгдэхүүнийг шинээр нь онгойлгож, анхны хэрэглэгч байна гэдэг асар чухал тул энэ бүх шаардлагад нийцсэн “HUNNU” брэндийг үүсгэж үйлчлүүлэгч, харилцагчаа тэлж, бизнесээ өргөжүүлэх зорилт тавин өнөөдрийн арга хэмжээг зорьж ирснээ уудлав.

Энэ зуур, дуу хөгжим эгшиглэж, техник, тоног төхөөрөмж амь орж эхлэв. Дуулах гэж буй байрын гоёл, зүүсгэлтэй хүмүүс холхих нь учиртай аж. Энэ жилээс айрагны баяраа тус нутгаас төрөн гарсан уран бүтээлчдийн нэрэмжит болгон зохион байгуулалтын цар хүрээг нэмэгдүүлж байгаа гэв. Анхдагч нь монгол түмний дунд ардын дуу болтлоо хоногшсон “Миний нутгийн бараа” дууны хөгжмийн зохиолч Д.Баттөмөр ажээ.
Түүнийг зорьж очин, хуучлахад
миний зохиосон "Миний нутгийн бараа" дуу энэ жил 60 нас хүрч байгаа. Үүнийг мэдсэн юм шиг УИХ-ын гишүүд, Нутгийн зөвлөл энэ жилийн айрагны баярыг уг дуугаар нэрлэж, миний нэрэмжит баярын арга хэмжээ болгон зохион байгуулж байгаад туйлын талархалтай байна. Бас анхдагч болж байгаадаа сүрдэж байна гэв.

Хөгжмийн зохиолчийн дууг хэн сайн дуулах вэ уралдааны нэгдүгээр шатыг цахимаар зохион байгуулж, 3 өдөр үргэлжлэх арга хэмжээний үеэр ялагчдыг тодруулна, би шагналыг нь гардуулна гэв.
Хултай айргийг үлдээлгүй уудаг ёсон бий. Буянаа үлдээхгүйн тулд тэр юм. Энэ бол сэтгэлгээний өв. Эрүүл мэнд талаасаа ч тэр мөн ч олон ашиг тустай ундаа гэдгийг ёстой шинжлэх ухаан ч нотолчихсон.
Хөлдөөгөөд гэсгээж, хэрэглэхэд ашигтай бактери багасдаггүй хэвийн байдаг. Айрган дахь бактерийн эсрэг бодисууд дархлааг сайжруулж, сүүний хүчлийн бактерууд элэгний ажиллах орчныг эрүүлжүүлдэг гээд тоочвол дуусашгүй юм.
Мөн айрагны чанарыг хадгалалтын явцад хатуурч байна уу эсэхээр дүгнэдэг. Энэ жил мөн л шилдэг айргийг шалгаруулна, Дэмбээ уралдааныг зохион байгуулах хэсгүүд хөтөлбөрт багтжээ.
Дуутай, хууртай, айрагтай, уулзалтын баяртай, ашиг орлоготой гээд арвин өгөөжтэй айрагны баяраар зочилсон минь энэ.






Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
