Байр суурь2 мин унших
Б.Уянга: Ашиглаагүй зээлийн төлбөрийг төсвөөс төлж байна
УИХ-ын чуулганы /2025.09.17/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
Л.Соронзонболд гишүүний асуусан гадаадын зээл тусламжтай холбоотой л асуултыг үргэлжлүүлээд асуух хэрэгтэй байгаа юм. 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2027, 2028 оны төсвийн төсөөллийн тухай хууль дээр ЗГ-ын өрийн нийт хэмжээ нь 2026 он дээр төсвийн хүрээний мэдэгдэл дээр 51,2 их наяд, ДНБ-ий 50%-тай тэнцэхээр гээд бичигдсэн байна.
Энэ нь 2027, 2028 онд ДНБ-ий 45% руу тэнцэнэ гээд явсан байна. ЗГ-ын өртэй холбоотой мэдээллийг уншихаар ЗГ-ын нийт өр 2026 оны төсөв дээр тусах нь 44,8 их наяд байна гэх… Тэгвэл яагаад энэ төсвийн хүрээний мэдэгдэл дээр 8 их наядаар нэмж 50 хувьд нь хүргээд, 51,2 их наяд гээд бичсэн вэ?
За магадгүй 2026 хувьд нэмээд гадаадаас зээл авах гэж байгаа юм болов уу. Зүрх судасны энэ эмнэлэг баригдах гэж байгаа энэ зээл нь орох гэж байгаа юм болов уу гээд харахаар аль хэдийн Зүрх судасны үндэсний төвийг 182,9 тэрбум төгрөгөөр гаднын зээлээр барина гээд 2026 оны төсөвт хөрөнгө оруулалтад орчихсон байгаа юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль дээр ДНБ-ий 60%-аас хэтрэхгүй байх ёстой гэсэн заалт нь байсаар байтал одоо байгаа мэдэгдэж байгаа дүнгээрээ бичих ёстой байсан биш үү!
ЗГ-ын гадаад зээлийн хөрөнгө баталгаажуулалтын шимтгэлийг авна гээд баталгаажуулчихсан тэгээд аваагүй байгаа тэр зээлд бид 2026 онд 59 тэрбум төгрөг төлөх юм байна. Ер нь бол зээлээ ашиглаагүйнхээ төлөө төсвөөс мөнгө төлж явдаг юм байна. Тэгэхээр зээл ашиглалттай холбоотой ямар нэгэн ажил хийгдэж байна уу?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан







