УИХ-ын чуулганы /2025.09.18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
2026 оны төсвийн төсөл дээр урсгал зардлаа 2025 онтой харьцуулахад 585 тэрбум төгрөгөөр өсгөж байна. Төсвийн алдагдал 1,3 их наядтай. Энэ алдагдлаа хүүтэй зээлээр санхүүжүүлнэ гэж ярьж байгаа юм. Урсгал зардал буюу цалин үйл ажиллагааны зардлаа, хүүтэй зээлээр санхүүжүүлэх шаардлага байна уу? Бид нар орлогоо нэмэгдүүлж болно, эсвэл зардлаа бууруулж болно ийм байдлаар яагаад бодож болоогүй вэ. Жишээлбэл газрын төлбөр, газрын дуудлага худалдааны орлого байна. Энэ 2 нийлээд нэг жилдээ, Монгол Улс ирэх жил 170 тэрбум төгрөг олно гэж тооцжээ. Гэтэл бид нар бүгдээрээ мэддэг, барилгын салбарын хамгийн үнэтэй нь газар худалдаж авах асуудал байгаа. Газрын дуудлага худалдаанаас олж байгаа орлогоо нэмэгдүүлэх ёстой байсан юм биш үү. Өчигдөр Н.Учрал сайдаас асуусан.
Гадаадын зээл тусламжийн ашиглалт муу байна. Энэ жил 2025 онд Эрдэнэбүрэний УЦС-ын төсөл дээр 240 тэрбум төгрөгийг барилга барихад зарцуулсан юм шиг байгаа юм. Гэтэл 2026 онд 70,80 тэрбум төгрөг тавьчихсан. Яагаад энэ буурч байна вэ. Миний ойлгож байгаагаар эрчим хүчний төслүүд хамгийн үр ашигтай өгөөжтэй төсөл гэж ярьж байгаа.Засгийн газрын өрийн баталгаан дээр 2026 онд Дорнод аймгийн, Дорнод бүсийн эрчим хүчний систем компани нийтдээ 28 орчим тэрбум төгрөгийг төлнө гэсэн байна. Гэтэл өнөөдөр Дорнод бүсийн эрчим хүчний систем компани дээр нүүрстэй холбоотой асуудал үүссэн. "Дорнод Мак" гэдэг компани 2025 онд нүүрснийхээ үнийг бараг 2 дахин өсгөсөн. Тэгээд нүүрсээ нийлүүлдэггүй, хэрвээ нүүрсээ нийлүүлж чадахгүй бол тэр станц чинь цахилгаан үйлдвэрлэхгүй. Зүүн бүсийг цахилгаанаар үйлдвэрлээд хангаж байж орлого олж тэрнээсээ зээлээ төлөх ёстой. Үүнийг манай эрчим хүчний сайд мэдэж байгаа юм уу. Өвөлжилтийн бэлтгэл хариуцсан Шадар сайд С.Амарсайхан мэдэж байгаа юм уу.