#Коммент2 мин унших

С.Бямбацогт: Баруун бүсийн гурилын гаалийн татварыг тэглэлээ

С.Бямбацогт: Баруун бүсийн гурилын гаалийн татварыг тэглэлээ
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт

Монгол Улсын баруун бүсийн 420 мянга гаруй ард иргэдийн эрх ашгийг хамгаалах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилын импортыг гаалийн албан татвараас чөлөөлөх саналыг УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт хүргүүлээд байсан юм. Тухайлбал, 

Баруун бүсэд 2024 оны байдлаар нийт 112,145 өрх амьдарч байгаагаас малчин болон малтай өрхийн тоо 59 хувийг эзэлдэг бөгөөд орон нутгийн хүн амын дунд мах, гурил, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нь бусад төрлийн хүнстэй харьцуулахад харьцангуй өндөрт тооцогддог.

-Үндэсний Статистикийн Хорооны албан мэдээллээр ядуурлын хамралтын хүрээгээрээ баруун бүс нь 36.5 хувь буюу бусад бүсүүдээс хамгийн өндөр байна.

-Баруун таван аймагт 2025 оны 07 дугаар сарын байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох нэгдүгээр зэргийн гурилын дундаж үнэ Улаанбаатар хотоос 1,49 дахин, хоёрдугаар зэргийн гурилын дундаж үнэ 1,8 дахин үнэтэй байгаагаас гадна импортын татварыг сэргээснээр хэрэгцээнийхээ дийлэнх хувийг импортлон авдаг тус бүс нутгийн иргэдийн амьжиргааны өртөг өндөр болсон.

-Улаанбаатар хотоос баруун бүсийн аймгийн төвүүдэд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, үүний дотор улаанбуудайн гурилыг 1,000 км-ээс дээш зам туулж тээвэрлэх шаардлагатай, энэ хэмжээгээрээ тээврийн зардал нэмэгддэг, цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрдэг, зам даваа хаагдсаны улмаас гол нэрийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт доголдох нөхцөл байдал үүсдэг.

-Бүсийн хэмжээнд 2025 онд хур тунадас бага, гантай байснаас улбаалан малын өвс, тэжээлийн гарц муу байна.

-Баруун бүсэд газар тариалангийн салбар хөгжөөгүй, 2024 оны байдлаар буудайн ургацын хураалт бусад бүсээс нэн бага буюу Баян-Өлгий аймаг 0 тонн, Говь-Алтай аймаг 4.7 тонн, Завхан аймаг 0.380 тонн, Увс аймаг 9,3 тонн, Ховд аймаг 1.1 тонн тус тус хураасан үзүүлэлттэй.

Иймд баруун аймгуудтай хил залгаа боомтуудаар буюу Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Говь-Алтай аймгийн Бургастай, Завхан аймгийн Арцсуурь, Увс аймгийн Боршоо, Ховд аймгийн Булган боомтоор улаанбуудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт импортлох боломжоор хангаж, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж иргэдэд бодитой дэмжлэг болох зохих шийдэл бүхий эрх зүйн орчныг бүрдүүлэх нь нэн чухал юм. Тэгвэл уг санал өнөөдррийн Засгийн газрын хуралдаанаар ажил хэрэг болж,  "Улаанбуудайн гурилыг

-Баян-Өлгий аймгийн Цагааннуур, 

-Ховд аймгийн Ярант, 

-Увс аймгийн Боршоо, 

-Завхан аймгийн Арцсуурь, -Говь-Алтай аймгийн Бургастай боомтоор импортлох гаалийн татварын хувь хэмжээг ТЭГЛЭХ тогтоол" гаргалаа.

Энэхүү шийдвэр нь баруун бүсийн хүнсний хангамжийг сайжруулах, үнийн өсөлтийг хязгаарлах, бүс нутгийн иргэдийн амьжиргаанд эерэг нөлөө үзүүлэх зорилготой юм.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Баруун бүсХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2018
  3. 2017
  4. 2015
  5. 2014
  6. 2012
  7. 2011
  8. 2010
  9. 2009