Байр суурь2 мин унших
Б.Найдалаа: Эрүүл мэндийн даатгалын санг бие даалгах нь зөв
УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны /2025.11.04/-ний өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдоос Эрүүл монгол хүний эрхийн баталгааг хангах талаар Эрүүл мэндийн сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавив.
УИХ-ын гишүүн, ХХНББХ-ны дарга Б.Найдалаа:
С.Эрдэнэболд гишүүний асуулга маш чухал. Бид өдөр тутмын төсөвтэй холбоотой, урсгал ажилтай холбоотой асуудлыг чуулган болоод байнгын хороодоор хэлэлцүүлдэг ч эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хүний эрхтэй холбоотойгоор ярьж байгаагүй санагдаж байна.
Тухайлбал, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхийг ямар шалгуураар, хэрхэн үнэлэхийг бид дүгнэх ёстой юм байна. Мөн хүртээмжийг сайн, муу гэж хэлж байгаа ч юугаар үнэлж байгаа юм? Үүнийг асуумаар байгаа.
Гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг зүйлийг буруу ойлгож, буруу хэрэгжүүлээд байгааг олон гишүүн хэлж байна.
Гишүүдийн асуулт, бидний ярилцаж буй агуулгад хэдэн чухал зүйл харагдлаа.
Цөм яригдаж буй чухал асуудал нь ЭМД-ын шинэчлэл. Шинэчлэлийг эхлүүлсэн ч дараагийн шатанд гаргах тухай. Энэ нь ЭМД-ын санг бие даалгах юм. Энэ чиглэлд явж байгаа ч сайд нь ахлаад, сайд нь худалдан авалт хийгээд, сайд нь үйлчилгээ үзүүлдэг ийм тогтолцоотой явж ирлээ.
Үүнийг Ж.Чинбүрэн сайд сайн мэдэж байна, өөрчлөх тухай ярьж байна. Гишүүд бид ч мөн адил даатгалын шинэчлэлийн II шатны асуудал буюу ЭМД-ын тухай хуульд саяын ярьж буй өөрчлөлтүүдийг бодитой хийх тал дээр ажиллах нь зүйтэй юм.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
