Үйл явдал2 мин унших
Эмчдээ итгэх итгэлийг хамгаалъя

Сүүлийн өдрүүдэд эрүүл мэндийн салбарын орон тоо, ажлын бүтээмж, “ghost doctor” гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд орж байна. Энд би эмч хүн, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд нэг зүйлийг ялгаж хэлмээр байна.
Эрүүл мэндийн салбарт санхүүгийн сахилга бат, бүтээмж, хариуцлага зайлшгүй хэрэгтэй.
Би сайдаар ажиллаж байхдаа ч эмнэлгүүдийн удирдлагуудад:
- Илүү орон тоогоо цэгцэл,
- Эдийн засгийн тооцоотой ажилла,
- Өр үүсгэсэн бол удирдлагын хариуцлагаа хүлээ,
- Төсвийн нэг төгрөг бүрийг эмчилгээний үр дүнтэй уялдуул гэж шаарддаг байсан.
Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн үзүүлэлт сайжирч, тэнцэл эерэг чиглэлд орж байгаа нь санхүүгийн сахилга бат, зөв төлөвлөлт ямар чухал болохыг харуулж байна.
Гэхдээ системийн үр ашиггүй байдлыг засах нэг хэрэг. Эмч нарыг нийтээр нь ажил хийдэггүй мэт ойлголт нийгэмд төрүүлэх нь өөр хэрэг.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бол ИТГЭЛЦЭЛ дээр тогтдог онцгой салбар. Өвчтөн эмчдээ итгэхгүй бол зөвлөгөөг нь дагах, эмчилгээгээ тууштай үргэлжлүүлэхэд хүртэл сөргөөр нөлөөлж болно. Цаашлаад иргэд Монголын эмч, эмнэлэгтээ итгэх итгэл сулрах нь гадаадад эмчлүүлэх урсгалыг нэмэгдүүлж, эрүүл мэндэд зарцуулах их хэмжээний хөрөнгө эх орноосоо гадагшлахад ч нөлөөлнө.
Тиймээс үнэхээр ажил хийдэггүй хүн байвал баримтаар нь тогтоогоод хариуцлага тооцъё. Илүү орон тоо байвал цэгцэлье.
Муу менежмент, үндэслэлгүй өр үүсгэсэн бол удирдлагад нь хариуцлага тооцъё.
Харин алслагдсан сум, багийн эмнэлгээс эхлээд улсын томоохон эмнэлэг хүртэл өдөр шөнөгүй хүний амь насны төлөө ажиллаж байгаа олон мянган эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтныхаа нэр хүндийг нийтээр нь эргэлзээнд оруулж болохгүй.
- Системийн алдааг засъя.
- Хариуцлагагүй хүнд хариуцлага тооцъё.

