Үйл явдал2 мин унших
Ирээдүйн мэс засалчдыг бэлтгэх робот мэс заслын сургалтын төвтэй боллоо

Одоохон...
Үйл явдал2 мин унших

АШУҮИС-ийн Эмнэлзүйн ур чадварын төвд "Робот мэс заслын сургалтын төв" нээлтээ хийлээ. Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа сургалтын төвийг өргөжүүлэн робот мэс заслын сургалтын төв байгуулж, дэлхийн анагаах ухааны боловсролын хөгжилтэй зэрэгцэн суралцах боломжийг бүрдүүлнэ гэж амлаж, энэ ажлыг эхлүүлж байв.

Харин өнөөдөр бодит ажил болж, ирээдүйн мэс засалчдаа дэлхийн дэвшилтэт технологиор сургах сургалтын баазтай боллоо. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, төслийг санхүүжүүлсэн Kerry Mining компанийн хамт олон, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, шуурхай хэрэгжүүлж, манлайлан ажилласан Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль -ийн удирдлага, эрдэмтэн багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монголын мэс заслын хөгжлийг тодорхойлох нэгэн чухал сургалтын төвтэй болсонд баяртай байна.
Өнөөдрөөс анагаахын оюутан, резидент, залуу мэс засалчид эх орондоо, багш профессорынхоо удирдлага дор робот мэс заслын технологийг сурч, дадлагажин, ур чадвараа хөгжүүлэх боломжтой боллоо. Энэ бол сайн эмч бэлтгэх тогтолцоог бэхжүүлэх том алхам. Эмч хүн өвчтөн дээр туршилт хийх бус, сургалтын бааз болох их сургуулийн эмнэлгээр дамжуулан чадвартай мэргэжилтэн болон бэлтгэгдэх тогтолцоог хөгжүүлэх нь миний эрхэм зорилгын нэг.

Дэлхийн анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн эмчилгээний технологи болох "робот мэс засал" эмчилгээг манай улс саяхан нэвтрүүлсэн. Харин ирээдүйн мэргэжилтнүүдээ бэлтгэх суурь өнөөдөр тавигдлаа. Цаашлаад Монгол хүн дэлхийн анагаах ухааны ололт, эмчилгээний дэвшилтэт технологиос хоцрохгүй, өвдсөнөөсөө болж санхүүгийн дарамтад орохгүй байх боломж улам бүр бүрдэж байна.
