Үйл явдал2 мин унших
Дэлхий дахинд бэлчээрийн тогтвортой менежмент, нүүдлийн мал аж ахуйн ач холбогдол өгч байна

Өнөөдөр дэлхийн хүнсний өдөр тохиож буй. Энэ жил бид уг өдрийг “Хамтын хүчээр – чанартай хүнс, баталгаат ирээдүй” уриан дор тэмдэглэж байна.
Орчин цагт хүн төрөлхтөн хүнсний тогтолцооны өмнө урьд өмнө байгаагүй олон сорилттой тулгарч, нэг хэсэг нь өлсгөлөн, тэжээлийн дутагдалд нэрвэгдэж байхад нөгөө хэсэг нь хэт хэрэглээ болон хүнсний хаягдлын асуудалтай нүүр тулж байна.

Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн геополитикийн тогтворгүй байдал ч хүнсний үйлдвэрлэлд улам их эрсдэл авчирч байна. Ийм нөхцөлд хамтын хүч, хамтын ажиллагаа хамгаас чухал.
Манай улс хүнсний аюулгүй байдлыг хангаж, эрүүл чанартай хүнсийг хүн бүрд хүртээмжтэй болгохыг төрийн бодлогын тэргүүлэх чиглэлээ болгон хэрэгжүүлж буй бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж байна.
Бид өв соёлын дархлаа болсон нүүдлийн мал аж ахуйгаа хадгалж хамгаалан, орчин үеийн шинжлэх ухаан, технологи, инновацтай хослуулан тогтвортой, хүртээмжтэй хүнсний системийг бүрдүүлэхийн төлөө буй.
