Үйл явдал2 мин унших

НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох манай улсын зорилт бүрэн хэрэгжлээ

НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох манай улсын зорилт бүрэн хэрэгжлээ

Эсватинийн Хаант Улс, Барбадос Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсван Улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганы /2025.07.04/-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Ийнхүү НҮБ-ын гишүүн бүх улстай (192 орон) дипломат харилцаа тогтоох манай улсын зорилт бүрэн хэрэгжиж байна. 

НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох манай улсын зорилт бүрэн хэрэгжлээ

Барбадос Улс нь 77-гийн бүлэг (G-77), Карибын Хамтын Нийгэмлэг (CARICOM), Америкийн Улсуудын байгууллага (Organization of American State) зэрэг бүс нутаг, олон улсын байгууллага, олон талт механизмуудын гишүүн бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлд идэвхтэй байр суурьтай.

Эсватини Улс нь дэлхийн худалдааны байгууллагын гишүүнээр 1995 онд элссэн, тус байгууллагын Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн гишүүн улс юм.  Aфрикийн өмнөд хэсэгт орших Эсватини Улс нь мал аж ахуй, аж үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт суурилсан харьцангуй төрөлжсөн эдийн засагтай, дундаж орлоготой улс бөгөөд далайд гарцгүй газар зүйн байрлал нь манай улстай ижил төстэй.

Карибын тэнгист орших, хоёр арлаас бүрдэх Тринидад ба Тобаго Улс нь шингэрүүлсэн байгалийн хий (LNG)-ийн экспортоор бүс нутагтаа тэргүүлдэг. Тус улс НҮБ, Дэлхийн худалдааны байгууллагаас гадна Карибын Хамтын Нийгэмлэг (CARICOM), Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг (Commonwealth), Америкийн Улсуудын Байгууллага (OAS)-ын идэвхтэй гишүүн юм. Гадаад бодлого нь бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил дэвшилд чиглэсэн бөгөөд олон улсын тавцанд төвийг сахисан байр суурь баримталдаг.

Ботсвана улс нь далайд гарцгүй, байгалийн баялгийн нөөц ихтэй, алмаз, зэс, никель, нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний томоохон экспортлогч бөгөөд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлд идэвхтэй ажилладаг.

Эдгээр улстай дипломат харилцаа тогтоосноор НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон талт тогтолцоо, механизмын хүрээнд, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг хамгаалах зэрэг нийтлэг ашиг сонирхлын төлөө харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах боломж нэмэгдэнэ. 

НҮБ-ын бүх гишүүн улстай дипломат харилцаа тогтоосон улс орон цөөн байдаг бөгөөд энэ нь манай улсын идэвхтэй дипломат үйл ажиллагаа, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын чухал илэрхийлэл болох юм.

НҮБХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025
  2. 2013