Үйл явдал2 мин унших
Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг 160 тэрбумаар нэмэгдүүлэх ажлын хэсгийн санал улсын төсөвт тусгагдлаа

Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан.
Төсөвт багш нарын үндсэн цалинг 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс 2,226,000 төгрөг, 11 дүгээр сарын 1-нээс 2,800,000 төгрөгт хүргэхээр баталлаа.
Өргөн барьсан 2026 оны улсын төсөвт боловсролын салбарт шинээр 4 сургууль, 2 цэцэрлэг, 3 спорт заал, 3 дотуур байр барихаар нийт 46.5 тэрбум төгрөг тусгасан нь тун хангалтгүй үзүүлэлт байсан тул Ж:Галбадрах, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл нарын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг болон зарим гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргасан юм.
Тодруулбал,
Дотуур байр 6,
спорт заал 5,
сургууль 14,
цэцэрлэг 10,
Их дээд сургуулийн барилга, спорт заал 3,
Залуу зохион бүтээгчдийн ордоны барилга
зэрэг нийт 39 барилга байгууламжийг шинээр эхлүүлэхэд 87.1 тэрбум төгрөг нэмж оруулснаас гадна боловсролын салбарын тоног төхөөрөмж дээр 24 төсөл арга хэмжээний хүрээнд 74,5 тэрбум төгрөг нэмж тусгуулж чадлаа.
Засгийн газар ийнхүү боловсролыг дэмжих чиглэлд анхаарч хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ урсгал зардлаа 990.2 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардлаа 361.1 тэрбум төгрөгөөр, төсвийн ерөнхийлөн захирагч нар урсгал зардлаа 12,8 хувиар бууруулж, төсвийн зардлыг нийтдээ 1 их наяд төгрөгөөр танаж цалин тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэлд шилжүүлснээрээ онцлог төсөв болов.
Ингэснээр Монгол Улсын 2026 оны тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32,2 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 50 тэрбум төгрөгтэй тэнцүү байхаар баталлаа.

