Үйл явдал1 мин унших
Б.Жаргалан: УИХ-ын дарга парламентын хяналтыг хэрэгжүүлэх үүрэгтэй

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс /2025.11.17/ мэдээлэл хийж Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэх хуулийн төслийн танилцуулаад байв.
Энэ нь агуулгын хувьд УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй тухай, тодорхойлбол УИХ-ын дарга тухайн намынхаа гишүүнээс түдгэлздэг байх тухай олон улсын парламентын засаглалтай орнуудын жишиг байдаг. Энэ хүрээнд хуулийн төслийг өргөн барих нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан энэ талаар байр сууриа илэрхийллээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дарга парламентын тэнцвэртэй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй албан тушаалтны хувьд давхар улс төрийн албан тушаал хашихгүй байх харилцааг зохицуулах хуулийн төсөл санаачилж байгаа талаар мэдээлсэн.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн албан тоот дээр гарын үсэг зурж, уг хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн хамтаар өргөн барихаар боллоо.
Гүйцэтгэх засаглал нь парламентын олонхоос томилогддог парламентын засаглалтай улсын хувьд УИХ-ын дарга төвийг сахисан байр суурьтай байж тэнцвэрийг хадгалан парламентын хяналтыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй байдаг.
Өнгөрсөн хугацаанд манай улсад эрх баригч намын дарга УИХ-ын даргаар ажиллах тохиолдол байсан боловч 5 намын төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент шинэ жишиг тогтоох ёстой гэж үзэж байна. Ингэснээр парламентын дархлааг бэхжүүлж, УИХ-д олон ургалч үзэл бүхий бодлогын мэтгэлцээн өрнөх нөхцөлийг бодитоор бүрдүүлэх ач холбогдолтой.
