Үйл явдал1 мин унших
Алдаагаа засаж, хөгжих чадвартай нийгэм итгэлцэл дээр тогтдог

Алдаагаа засаж, хөгжих чадвартай нийгэм итгэлцэл дээр тогтдог. Харин өнөөдөр Монголд төрд итгэх итгэл суларсаар байна. Иргэд улс төрийн намуудад итгэхгүй байна. Улс төрчдөд бүр ч итгэхээ байсан.
Авлига, хулгай, ашиг сонирхлын тухай өдөр бүр ярьдаг. Гэхдээ аль нь үнэн, аль нь худал болохыг ялгахад улам хэцүү болж байна. Албан тушаалтнуудыг буруутгадаг боловч эцэст нь хэн хариуцлага хүлээсэн нь тодорхойгүй үлддэг.
Бүр хачирхалтай нь, хариуцлага нэхсэн хүнийг өөрийг нь зориудаар харлуулж, сошиалд хаяж өгдөг болсон.
“Чи хэн юм бэ?”
“Чи ч бас адилхан.”
“Бүгд л хулгайч.”
Энэ нь түрхэн зуур анхаарлыг сарниулж болох ч нийгэм дэх итгэлцлийг, цаашлаад төрд итгэх итгэлийг улам бүр сулруулдаг хамгийн хор уршигтай хандлага юм.
Эрх баригчдын энэ арга барил нийгмийн итгэлцлийг сууриар нь эвдэж, улам их үзэн ядалт, хардалт, хариуцлагагүй байдал руу түлхэж байна. Бүгд адилхан учраас юу ч өөрчлөгдөхгүй гэдэг гутранги үзэлд автах нь хариуцлагаас зугтагсдад л ашигтай.
Тиймээс бид соргог байх ёстой. Үнэт зүйлээ хамгаалах ёстой. Оюун санаа, ухамсраа бохирдуулахгүй байх хэрэгтэй. Илүү гэгээлэг ирээдүйг бүтээж чадна гэдэгтээ итгэсээр байх хэрэгтэй.
Эцэст нь улс төрд ч, нийгэмд ч, хүний амьдралд ч хамгийн үнэтэй зүйл бол итгэл юм
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
